English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ЭРГЭЛТИЙН СОНГУУЛЬ АН-Д ЗАДРАЛ ЗӨГНӨВ ҮҮ

Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Д.Дорлигжав, Б.Болор зэрэг УИХ-ын гишүүн, сайд асан тэргүүтэй 123 хүн Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнээсээ хасагдаж болзошгүй нөхцөл АН-д үүсээд байна. Тус намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ буюу хуучнаар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн л УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр дүрэмдээ хатуу заачихсан учраас ротацын буюу эргэлтийн сонгуулийн дараа АН-ынхан яаж бужигнах бол гэдэг нь юу юунаас илүү анхаарал татаж байгаа юм.

Уг нь ротацын сонгууль АН-д шинэ биш. Энэ намыг С.Эрдэнэ удирдахаас өмнөх долоон жилд ротацын сонгууль явуулаагүй л болохоос гишүүдийнхээ идэвх, оролцоог үнэлэн, дотоод сонгуулиараа удирдлагын бүрэлдэхүүнийг сэлбэж ирснийг нь үгүйсгэж болохгүй. Өмнө нь хийж ирсэн ротацын сонгуулийг тухайн үед өөлж, бас магтаж байсан ч сүүлдээ бүр сураггүй болсон нь АН-ыг “дотоод ардчилалгүй” хэмээн шүүмжлэхэд хүргэж, улмаар уг намыг шинэчлэх томоохон шалтгаанаар “тодорсон”.

Тиймээс ч 2016 оны сонгуулийн ялагдлын дараа эхлүүлсэн шинэчлэлийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрэмдээ ҮБХ-ны суудалд ротацын сонгууль явуулахаар тусгасан. Чухамдаа үүний дагуу явуулах ротацын анхны сонгууль одоо болох гэж буй юм. АН-ын дүрмийн дагуу ротацын сонгуулийг төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд тогтоосон хуваариар зохион байгуулах ёстой.

…АН-ын дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүн нь хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй ч энэ мэт улстөрчид С.Эрдэнийн хайрцаглах бодлогын гадна үлдэх нь тодорхой. Тэгээд ч АН-ын дотооддоо зохион байгуулсан сонгуулиуд шударга болсон, эсэх талаар ч харилцан адилгүй байр суурь хөвөрдөг. Энэ удаа ч гомдол гарах л бий вий. Өөрөөр хэлбэл, эргэлтийн сонгуулийн дараа их задрал үүсэх, эсэхийг харах л үлдэж байх шиг…

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор 2019 онд ротацын сонгууль хийх боломжгүй тул энэ онд ийнхүү товлоод байна. Үүнийг тус намын дэргэдэх байгууллага болон гишүүдээс нь удаа дараа санал болгож, хүсэлт тавьсан учраас ёсоор болгож буй тухайгаа АН-ын эрх бүхий албан тушаалтнууд тайлбарласан.

Гэвч ҮБХ-ны гишүүдийг чухам ямар шалгуураар, хэрхэн үнэлсэн нь бүрхэг хэмээн гомдоллож, өөрийнх нь нэр “ротац”-д орсныг гэнэт мэдсэн хүн цөөнгүй буй бололтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн АН-ын хорооны удирдлага хувийн шалтгаанаар Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нарын суудалд сонгууль зарлаж байна гэх яриа ч гарч байна. Юутай ч АН-ын Дотоод сонгуулийн хорооны даргын хэвлэлд тайлбарласнаас харвал тэдгээр гишүүн намынхаа дүрмийг гүйцэд уншиж, танилцсан бол ийм зүйл болохгүй байж.

Тодруулбал, намын дэргэдэх байгууллага, Үндэсний бодлогын зөвлөл, Хэрэг эрхлэх газар зэрэг нь тухайн гишүүний намын ажилд оролцсон байдал, татвараа төлсөн, эсэхийг нь харгалзан тодорхой оноогоор үнэлжээ. Тиймээс ч ардчиллын анхдагч, Улсын баатар Э.Бат-Үүлийг ҮБХ-ны гишүүний татвараа төлөөгүй гэдэг шалтгаанаар түүний суудалд сонгууль зарласан гэнэ. Харин Р.Амаржаргал намынхаа үйл ажиллагаанд идэвхгүй оролцдог гэж үнэлэгджээ. Үндсэндээ сүүлийн жилд төлсөн татвар, оролцоог нь л АН-ын одоогийн удирдлага илүүд үзэх нь.

Энэ нь одоогийн удирдлагын үгнээс зөрдөггүй, зарласан жагсаал, цуглаан, улс төрийн элдэв үйл ажиллагаанд нь таслахгүй оролцсон бол тэд сайн “дүн” авах боломжтой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хаана ч очсон эрх мэдлээ бататгахын тулд нөлөөний хүмүүсээрээ тухайн орон зайг хайрцаглаж, битүүмжлэхийг хичээдэг С.Эр дэнийн гэм энэ удаагийн ротацын сонгуулиар илэрч байна гэж хардах хүн олон аж.

Үнэндээ Э.Бат-Үүл мөнгөгүй, эсвэл мартсандаа ҮБХ-ны гишүүний жилийн татвар болох гурван сая төгрөгийг төлөөгүй нь юу л бол. Тэрбээр намынхаа шинэчлэлийн тухайд “С.Эрдэнэ дарга нам дотор фракцлах үйл ажиллагааг зогсооно гэж нийт гишүүндээ амласан. “Шонхор” фракцыг татан буулгах хэрэгтэй.

АН-д нэг хүний дарангуйлал тогтоох гэвэл задарна. Манай нам төрөхөөсөө дарангуйлагчийг тэвчдэггүй юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн удаатай. Түүний татан буулгах ёстой гэж үзэж буй “Шонхор”-ын төлөөлөл АН-аас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгчийн “гал тогоо”-г хариуцаж байна.

Мөн түүний байнга арсалдах болсон Н.Алтанхуяг ч Төрийн тэргүүнд шадарлаж буй. Өмнөх Ерөнхийлөгчийнхөө татгалзсан цаазаар авах бодлогыг сэргээхээр зорьж буй Х.Баттулга Ерөнхийлөгчийн байр суурьт шүүмжлэлтэй хандаж буйгаа ч Э.Бат-Үүл шулуухан илэрхийлчихсэн. Төрийн тэргүүнийг тойрч, төвхнөх гэж хичээж буй “Шонхор”, МоАХ, “Алтангадас”-ын нэгдлийг тэр ил тод шүүмжлээгүй ч, бас дэмжээгүй. Татвараа төлөөгүй, намын голлох үйл ажиллагаанд оролцохгүй байгаа зэрэг нь эс үйлдэхүйгээрээ С.Эрдэнийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж буй хэрэг байж ч мэднэ.

Тиймээс түүний суудалд ротацын сонгууль зарласан нь Э.Бат-Үүл Баатарт намаасаа боловсноор хөөгдөж буйтай адил гутамшигт мэдрэмж хэдийнэ төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Улмаар түүнийг тусдаа нам байгуулан, АН-аас өрх тусгаарлана гэх шинэ биш сураг, таамаг дахин амилав.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэгээн дүрийг намынхан нь байтугай улсаараа хараагүй удаж байна. “Эрдэнэт үйлдвэр” тойрсон дуулиан өндрөө авч, түүнийг шалгах, байцаах дээрээ тулж буй энэ үед АН-ынхан экс Ерөнхий сайдаасаа зай барьж буй дүр зураг ч ажиглагдах болов. Тухайлбал, З.Энхболдыг АН-ын дарга байхад ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Л.Эрхэмбаяр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Дубайн гэрээг хийхдээ АН-д хэлээгүй. Ч.Сайханбилэг өөрөө явж хийсэн. Би намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан үе. Дубайгаас ирэхэд нь л мэдсэн юм даг.

З.Энхболд дарга ч тийм л болов уу гэж таамаглаж байна. Засгийн газрын шийдвэрийн зөв, бурууг тэргүүн, салбар хариуцсан сайд нь шууд хүлээдэг байх ёстой. Аливаа буруу шийдвэрийг намаараа талцан өмгөөлж, хамгаалдаг муу зуршлыг улс төрийн намууд, гишүүд, дэмжигчид халах цаг нь болчихлоо” хэмээн илэрхийлсэн байсан. АН-ын одоогийн удирдлагын зангиддаг “Шонхор” фракцын нөлөө бүхий төлөөлөл болсон эл эрхмийн байр суурь тэд Ч.Сайханбилэгээс нүүр буруулж, золигт гаргах нь гэж хардахад хүргэж буйг нуух юун.

Р.Амаржаргалын хувьд тэр улс төрд угаас идэвхтэй нэгэн биш. Тиймээс ч тэрбээр нам дотроо ганцаардмал нэгэн. АН-аас илүүтэй нийгэмд түүнийг гэх дэмжигч олон учраас тэр энэ удаагийн сонгуулиар ҮБХ-ны гишүүнээс мултарвал дараагийн сонгуулиар улс төрийн хаягаа өөрчлөх нь тодорхой биз. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг хүн биш. Тэр тусмаа АН-ын дотоод амьдрал, ардчилалд бий болж буй гажуудлыг хүчтэй шүүмжилдгээрээ үнэлэгддэг улстөрч.

АН-ын дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүн нь хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй ч энэ мэт улстөрчид С.Эрдэнийн хайрцаглах бодлогын гадна үлдэх нь тодорхой. Тэгээд ч АН-ын дотооддоо зохион байгуулсан сонгуулиуд шударга болсон, эсэх талаар ч харилцан адилгүй байр суурь хөвөрдөг. Энэ удаа ч гомдол гарах л бий вий.

Өөрөөр хэлбэл, эргэлтийн сонгуулийн дараа их задрал үүсэх, эсэхийг харах л үлдэж байх шиг. Журмын нөхдийнхөө дунд ажил, үйлсээрээ танигдаж байж улс төрд хол явна гэж С.Эрдэнэ тэргүүтэн үзэж буйг нь үгүйсгэх аргагүй. Гэвч нийгэмд хэдийнэ орон зайгаа бий болгосон улстөрчдөд татвараа төлдөггүй, намын ажилд оролцдоггүй гэх шалтаг тавьж, суудлыг нь ганхуулж буй нь гайхаш төрүүлэх юм.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...