English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Зайсангийн амыг Тусгай хамгаалалтын бүсээс гаргах нь хэнд ашигтай тусах вэ

Хэд хоногийн өмнө НЗДТГ-аар ороод тун асуудалтай нэгэн мэдээлэл олж сонслоо. Тодруулбал, НИТХ-аас Зайсангийн амыг тусгай хамгаалалтын бүсээс хасах тухай хэлэлцэх гэж байгаа бололтой. Өдгөө баячуудын замбараагүй төлөвлөлт бүхий хотхон болчихоод байгаа Зайсангийн ам Богд хан уулын дархан цаазат газрын нэг хэсэг гэх тодорхойлолттой.

Харамсалтай нь, 2000 оноос энэ аманд “тансаг” гэгдэх орон сууцнууд, барилгуудыг ямар нэгэн зохистой төлөвлөгөө, шийдэлгүйгээр хэн дуртай, мөнгөтэй нь босгосоор өнөөг хүрсэн. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг уландаа гишгэгсэд одоо Зайсангийн амыг тэр чигээр нь завшихыг санаархаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Хамгийн гол нь, НИТХ-аас ийм санал орж ирэх гэж байгаа гэхээр тун хачирхалтай. Тэгвэл яагаад ийм санал орж ирэх болов гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татна. Ингэж хэлэхийн учир нь, НИТХ-ын дарга С.Амарсайхан “Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч байхдаа Зайсангийн аманд 15 мянган м2 газрыг эзэмшилдээ авсан. Гэхдээ хэд хэдэн гэрээгээр баталгаажсан эдгээр газрын эзэмшлийн нөхцөл тун ч их хэл ам дагуулдаг. Гэвч С.Амарсайхан дарга энэ талаар тайлбар хийхдээ “Бүх зүйл хуулийн дагуу болсон” гэж байсан. Ямартай ч эх сурвалжийн мэдээлснээр хэрвээ НИТХ-аас Зайсангийн амыг хамгаалалтын бүсээс хасах санал оруулж ирвэл тус газарт нэр нь данслагдаад байгаа С.Амарсайхан даргыг ийм ажил хийхэд хүрсэн үү хэмээн олон нийт хардах нь дамжиггүй.

Тэгэхээр НИТХ-аас Зайсангийн амыг тусгай хамгаалалтын бүсээс хасах санал оруулж ирэх гээд байгаа нь ойрын үед гаргасан шийдвэр биш, бүр эртнээс төлөвлөсөн ажил байж мэднэ гэх хардлагыг төрүүлж байна. Ер нь хотын төвөөс Туул голоор таслагдсан Зайсангийн амыг баячуудад зориулсан бүс болгох сонирхол үе үеийн улстөрчдийн халаасыг түнтийлгэх гол хэрэгслийн нэг болсоор байгаа юм.

Зайсангийн амны үндсэн тодорхойлолтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7-д “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” хэмээн заажээ. Гэхдээ энэ ам тус хуульд зааснаар дархан цаазат газрын “ХЯЗГААРЛАЛТЫН БҮС” гэх ангилалд багтдаг. Тэгвэл хязгаарлалтын бүсэд орон сууц, баар цэнгээний газар, дэлгүүр хоршоо, үйлчилгээний төвийн барилга босгох эрх хэн нэгэнд бий юү.

Энэ асуултад хариулахын тулд мөн л хуулийг унших ёстой. Гэтэл дээр дурдсан хуулийн 11-д “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно: Үүнд, хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ан амьтны тооллого, рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах, байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах, аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах, уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх, нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах” гэж тодоос тод заасан байна.

Өөрөөр хэлбэл, Зайсангийн аманд газар ухаж, тэслэх, барилга байгууламж босгохыг хуулиар хориглодог гэсэн үг. Харамсалтай нь, дарга нарт хууль журам үл хамаарах ажээ. Хамгийн гол нь, Зайсангийн амыг ингэж ухаж төнхөж, экосистемд ноцтой хохирол учруулахаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үүх түүхийн чухал өвүүдийг эдгээр шуналтнууд баллуурдан устгасаар байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авсангүй юу, эсвэл анхаарсан ч мөнгөний өмнө хүчин мөхөстөв үү.

Энэ талаар иргэн Д.Базарсад өөрийн цахим хуудаст “НИТХ-ын дарга С.Амарсайханы шуналаас болж бид үр хойчдоо Халхын голын байлдааны түүхийн талаар хэдэн баримтат киноноос өөр үзүүлж харуулах, дурсан сануулах зүйлгүй болж байна. Бид түүх рүүгээ нулимж чадах ч, хэзээ ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвлөлтийн ард түмний тусламж дэмжлэгээр, олон мянган орос, монгол эрсийн цус урсган байж Халх голын байлдаанд ялалт байгуулж, одоо бид энх тунх амьдарч байна. Зөвлөлтийн цэргийн дурсгалыг хүндэтгэж Зайсанд босгосон хөшөө, түүний өвөрт байрлах Танкийн хөшөө бол Улаанбаатарт Халх голын байлдаанд оролцсон цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэсэн ганцхан цогцолбор. Цогцолбор ч гэж дээ. Эх орны түүх, тэр дундаа дайны түүхийн дурсгалын газрыг авч, барилга барьж баллуурдаж байгаа "Оюун ундраа" группийн С.Амарсайхан дарга, түүний ах С.Отгонбаяр нар Зайсан толгойн газрыг хэрхэн авснаа тайлбарлах ёстой. Шударга бусаар авсан бол НИТХ-ын даргын ажлаа хүлээлгэж өгөөд хариуцлага хүлээх ёстой! Бид үр хойчдоо "Энд өмнө нь Халх голын дайнд амиа алдсан орос цэргүүдийн хөшөө байдаг байлаа. Дараа нь газрын наймаачдын хараанд өртөж ийм барилгууд баригдсан юм" гэж тайлбарламааргүй байна” гэж бичжээ.

Үүнтэй олон хүн санал нийлэх байх. 10 хүрэхгүй жилийн өмнө улаанбаатарчууд нийслэл хотын хаанаас ч Зайсан толгойг шууд харж чаддаг байлаа. Харин одоо энэ толгой харагдахаа байсан. Нэгэн жишээ дурдахад, баруунд олон жил болсон нэг танил маань ноднинхон эх орондоо ирээд хамгийн түрүүнд Зайсан гарч билээ. Даанч нөхцөл байдлыг хармагцаа нүдэндээ ч итгэхгүй, халаглан харамссаар Зайсангийн оройд ч гаралгүй буцсан.

Яг үнэндээ Зайсан толгойн ар бэлийг сэтлэж, тэгшлээд босгосон Зайсан Хилл цогцолбор гоё сайхан, ганган чамин гэдэгтэй маргах хүн байхгүй л болов уу. Гэхдээ энэ байгууламжийг заавал Тусгай хамгаалалтын бүсэд, монголчуудын үе үеийн түүхийг агуулсан Зайсан толгойг нураах шахам ар бэлд нь шигтгэн босгох шаардлага юу байв. Ер нь Зайсангийн амыг тусгай хамгаалалтын бүсээс гаргах нь хэнд ашигтай тусах бол.

Нөгөөтэйгүүр НИТХ, НЗДТГ-т Зайсангийн амыг Тусгай хамгаалалтын бүсээс гаргах эрх мэдэл бий эсэхийг бид Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ, Хуульзүйн яамнаас асууж, сурвалжлаад энэ талаар эргэн мэдээлэх болно.

Erennews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...