English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Тооцоогүй томъёолол”

Дэлхийн кино урлаг урлагийн, арилжааны гэсэн үндсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Кино бол үнэр ордоггүй бизнес. Нээлтээ хийсэн үедээ ашиг олдоггүй ч удаан оршин тогтнох тусам зардлаа нөхдөг бүтээл ч бий. Хэдийгээр кино фестивалиудад урлагийн бүтээлийг чухалчилдаг ч үнэн хэрэгтээ арилжааны кино хийхэд илүү мэргэжлийн ур чадвар, төсөв мөнгө шаарддаг байна. Харин манай улсын хувьд энэ төрлийн кино жинхэнэ утгаараа хөгжих болоогүй байна.

Учир нь жижигхэн зах зээлтэй. Өнөөдөр Монголд гарын 10 хуруу ихдэхээр цөөхөн кино театр үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь ч гурван саяулаа бидэнд хангалттай л даа. Гэвч тэдгээр нь түрээс өндөртэй. Тиймээс киночид маань орлогынхоо талаас илүүг нь түрээсэндээ “залгиулдаг” нь нууц биш. 200 сая төгрөгөөр кино хийчихээд нөхөж олно гэдэг хэцүү. Гэтэл сайн арилжааны кино хийхийн тулд доод тал нь хоёр тэрбум төгрөг хэрэгтэй. Харин өнөөдөр Монголд нээлтээ хийж байгаа кино ядахдаа зэрэгцээд Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад гээд монгол туургатнууддаа хүрдэг болчихвол өөр хэрэг. Эхний ээлжинд бид үүний төлөө л хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгвэл энэ замыг нээж өгөх гол дүр нь кино продюссер байдаг юм байна.

АЛЛЕН КЕТСИЙН “АЛТАН УХААН”

Харин манайд мэргэжлийн кино продюссер хэд байгаа бол. Та бүхэн анзаардаг уу. Кино эхлэхэд  уран бүтээлчдийг танилцуулна. Үүний хамгийн эхэнд продюссерыг танилцуулдаг шүү дээ. Тэдгээрийг харахад ихэвчлэн кино жүжигчид өөрсдөө пордюссерын үүргээ гүйцэтгэж байгаа нь өнөөгийн монгол киноны дүр төрх. Тэгвэл гадны оронд эсрэгээрээ. Уран бүтээлчид зөвхөн чанартай кино хийхдээ л анхаардаг.

Харин үүний ард мэргэжлийн продюссерын бүтэн баг ажиллаж байдаг юм байна. Тэгэхээс ч аргагүй. Учир нь дэлхийн өндөр хөгжилтэй орны урлагийн сургууль бүрт продюссерын анги гэж тусдаа бий. Тэдэнд киноны мэдлэг олгохоос гадна тооцоолон бодох, менежмент, олон улсын харилцааны хичээлийг түлхүү ордог юм байна. Жишээлбэл, еврейчүүдийн амьдралын тухай өгүүлсэн “Хар сүүдэр” кино 2016 онд Европт нээлтээ хийжээ. Гэвч төдийлөн ашиг олж чадаагүй байна. Харин өдгөө энэ бүтээлээрээ нэрд гарсан продюссер Аллен Кетс нэг жилийн дараа киногоо Азид үзүүлсэн нь санаанд оромгүй амжилт, алдар нэр, мөнгийг авчирч чаджээ.

Учир нь продюссер бүтээлээ ашиг олсонгүй гээд орхисонгүй. Жилийн хугацаанд судалгаа хийсний эцэст еврейчүүд Азийн орнуудад олноороо амьдардаг, болон дэлхийн киноны зах зээлд Азийн уран бүтээлчид хүч түрэн орж ирж буйг овжиноор ашиглан ийнхүү бүтээлээ болон өөрийгөө дэлхийд таниулж чадсан нь жинхэнэ продюссерын “алтан ухаан” байсан юм. Тэрээр ярилцлагадаа “Продюссер хүн хамгийн эхэнд тооцоологч байх ёстой. Дараа нь томъёологч байх хэрэгтэй гэж онцолсон байна. Мөн “Мэргэжлийн продюс­сергүй кино  тооцоогүй томъёо­лол гэсэн үг” гэжээ.

МЭРГЭЖЛИЙН ПРОДЮССЕР БЭЛТГЭЕ

Тэгвэл манай кино урлаг “Тооцоогүй томъёо­лол”-ийн дүрмээр хөгжиж байна. Мэдээж Америкийн өндөр хөгжилтэй оронтой өнөөгийн кино урлагийн хөгжлөө харьцуулахад хэцүү. Гэвч манайд жинхэнэ авьяастай уран бүтээлчид бий. Тэдэнд уран бүтээлээ дэлхийд өрсөлдүүлэх боломжийг нээж өгөх чадалтай продюссер хэрэгтэй байна. Бид Монголдоо киноныхоо менежмент, маркетингийг хийж чадаж байгаа ч илүү боломжийн төлөө дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Мөнгөтэй л бол продюссер хийнэ гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Гэвч дэлхийд мөнгийг босгож чаддаг хүн жинхэнэ продюссер байдаг аж. Үүнээс гадна менежментийн нарийн мэдлэгтэй, кино урлагт хайртай хүн энэ мэргэжлээр амжилт гаргаж чаддаг юм байна. Өндөр хөгжилтэй орнууд шиг жил бүр хэдэн зуун чадалтай, мэргэжлийн продюссер бэлтгэхээ байг гэхэд хэдхэн хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлчихвэл дэлхийн кино урлагийн талбар ойрхон байна даа.

Энэ тухай уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэе.

Найруулагч Г.Бадамрагчаа: Продюссерын үүрэг хамгийн чухал
-Монгол бүтээлийг дэлхийд таниулах гарцыг хайх хүн нь продюссер. Кино уран бүтээлд продюссерын үүрэг хамгийн чухал. Зохиол болон найруулагч, жүжигчид нь сайн байгаад продюссерын ажил дутагдвал тэр бүтээл тогоон дотроо л эргэлдэнэ шүү дээ. Тиймээс эхлээд  мэргэжлийн продюссерыг л бэлдмээр байна.

 

Найруулагч Б.Чингүүн: Мэргэжлийн продюссер дутмаг байгаа нь үнэн
- Мэргэжлийн продюссер дутмаг байгаа нь үнэн. Гэхдээ манай кино урлаг хөгжиж байна гэж би дүгнэдэг. Хэдийгээр нэг бүтээл хийгээд үзэгчдэд хүргэхэд кино театрын түрээсээс эхлээд бэрхшээл тулгардаг ч манай уран бүтээлчид чадахаараа хөдөлмөрлөж, гадаад зах зээл рүү анхаарал хандуулж ажиллах болсон. Монголын кино урлагийн зөвлөлөөс эхлээд кинотой холбоотой бүх л байгууллага үүний төлөө зүтгэж байна.

Найруулагч П.Дэлгэрбаяр: А.Мэндсайхан шиг продюссер хэрэгтэй байна
-Би саяхан “Илд цэцэг” кинон дээр ажиллалаа. Киноны маань ерөнхий продюссераар А.Мэндсайхан ажилласан. Түүн шиг продюссерууд Монголын кино урлагт хэрэгтэй байна. Бид бүтээлээ олон улсын кино наадмуудад оролцож, Монголын уран сайхны кино ийм дайны бүтээл байдаг юм шүү” гэж харуулахыг хүсч, алс хэтийн зорилготойгоор ажилласан.

Ч.Гантулга

Зууны мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...