English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
АН Д.Гантулгын ёсзүйг хөндөж, Д.Муратынхыг мартав

Төрийн түшээдийн ёс зүй түүхэндээ байгаагүйгээр шавартай хутгалдсан жилүүд улирч байна. Их хуралд суунгуутаа эрх мэдэлдээ эрдэж эмэгтэйчүүдийг  доромжилж, мөрөө баллах гэж есөн бусаар улайрч яваа гишүүдийн муйхар арга нийгмийн сэтгэлзүйг үзэн ядалтаар дүүргэж орхив.

Тэр дундаа хүчингийн хэрэгт холбогдсон залуу гишүүнээ, бүсгүй хүнд бэлэг эрхтнийхээ зургийг явуулж дорд үзэж басамжилсан төрийн түшээдэд намууд нь хариуцлага тооцох байтал, хамгаалж өмгөөлж байгаа нь нийгмийн бухимдлыг улам дэвэргээд байгаа юм.

Их хуралд хамгийн олон суудалтай эрх баригч МАН, АН-д хоёуланд нь ёсзүйн асуудал нь хөндөгдөж буй гишүүн бий. МАН-аас Их Хуралд сонгогдсон ч хүчингийн хэрэгт холбогдоод буй Д.Гантулга гишүүн прокурорын байгууллагын яллах тогтоолоос хэсэгтээ бултаж явсан ч хаврын чуулганы нээлтийн өдрүүдэд аргагүй эрхэнд гардсан юм. Тэрээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахаар болсноо мэдэгдсэн гэх боловч парламентад 65 суудалтай эрх баригч намын бүлэг хоёр өдөр хуралдаад шийдэлд хүрч чадсангүй. Эцэстээ Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хуулийн мухардалд орлоо” гэснээр Д.Гантулга шалгуулах бус асуудал замхрах тийшээ хандаж байх шиг.

Харин АН-ын хувьд Баян-Өлгий аймгаас төр түшилцэж буй Д.Мурат гишүүн. Тэрээр нутгийнхаа нэгэн бүсгүйд эрхтнийхээ зургийг явуулж, заналхийлсэн гэдгийг нь Бахытгүл гэх бүсгүй олонд дэлгэж, хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Асуудал хэрхэн өрнөж буй нь сүүлийн саруудад нам гүм байна. АН-ын бүлэг хаврын чуулганы дараах анхны хуралдаанаа өчигдөр хийж /2018.04.09/ МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёсзүйн асуудлыг хөндөж ярилцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол төрийн   нэр хүндийг унагаж байгаа байдал даамжирч байгаа учраас   Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж  шийдэх нь зүйтэй. МАН-ын нөхдүүдийн тайлбараар “хуулийн мухардалд орлоо” гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад “хуулийн мухардал” гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар “хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой” гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй”  хэмээн бүлгийн гишүүд үзэж буйг онцолсон. АН-ын гишүүд хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад бүрэн гүйцэд хариулахгүйгээр асуултыг дундаас нь тасдаж “Хурлаа дуусгая” гэсээр танхимыг орхисон юм.

Эндээс харахад АН-ынхан айлын намын гишүүний ёсзүйг хөндөж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж бүлгийнхээ хуралдаанаар нухацтай ярилцсан мөртлөө, өөрийнхөө намын Д.Мурат гишүүний ёсзүйг яагаад хөндсөнгүй вэ. Эсвэл Д.Мурат гишүүн эмэгтэй хүнийг доромжилж эрхтнийхээ зургийг явуулсныг өөгшүүлээд байна уу?

Эх сурвалж: www.polit.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...