English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
20 мянга инээдэм санагдах гэр бүлүүдэд хүүхдийн мөнгө өгье гэнэ үү

Манай улстөрчид “Хүүхдийн 20 мянган” төгрөгөөр хэрэлдэж эхэллээ. Учир нь, Засгийн газар Монгол улсын бүх хүүхдийн 60 хувьд олгож байсныг 80 хувьд нь олгоё хэмээн УИХ-ын тогтоол оруулж ирсэн.

Үүнтэй зэрэгцээд Еррөнхийлөгч Х.Баттулга мөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай УИХ-ын тогтоол өргөн бариад буй. Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор уг хоёр төслийг хэлэлцэн Засгийн газрын тогтоолын төслийг дэмжин Ерөнхийлөгчийнхийг унагаж орхилоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ч уг асуудал энэ хэвээрээ батлагдах нь тодорхой байх. Ингэснээр бүх хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгогдохоор болно.

2004 оны УИХ-ын сонгуулиар АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Хүүхэд бүрд 10 мянган” төгрөгийн улсаас өгч байх амлалтыг санаачилсныг тухайн үеийн АН, МАШСН-ын “Эх-Орон-Ардчилал” эвсэл сонгуулийн сурталчилгааныхаа гол амлалт болгосон тэр жилийн сонгуульд амжилттай оролцох нэгэн шалгуур нь болсон гэж үздэг.

Тэд уг амлалтаа “Итгэлийн мөнгө” хэмээн томьёлж байсан билээ. Тэр цагаас хойших бүх сонгуулиар энэ мөнгө намуудын гол хөзрийн нэг болсон. 10 мянгыг С.Баярын Засгийн газар өдөр бүр нэмэгдэж байдаг үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалан 20 мянга болгосноос хойш бүх Засгийн газрууд 20 мянгаар нь олгосоор ирсэн юм.

Энэ мөнгийг улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор хэдэн хувьд нь өгөх вэ, эсвэл яаж тасалдалгүй олгох вэ гэдэг дээр л Засгийн газрууд толгойгоо гашилгаж ирсэн. Тиймээс ч хүүхдийн мөнгийг тасралтгүй олгохын тулд зээл авах, Засгийн газрын бонд гаргах зэргээр яаж ийгээд аргалсаар ирсэн.

Энэхүү мөнгөтэй холбоотойгоор шүүмжлэл хэлдэг цөөнх бий. Тэд бол хүүхдийн мөнгийг авах шаардлагагүй 10-20 хувь буюу баячууд болон чинээлэг давхаргын цөөнх иргэд юм.

Үнэхээр ч хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхдэд олгодгоос 10 гаруй хувь нь татгалзсаар ирсэн нь Монгол улсын 2010 оны төвлөрсөн төсөв, Үндсэн чиглэлийг УИХ ид хэлэлцэж байх үед тодорхой болж байлаа.

Тэгэхэд УИХ-ын гишүүн Ч.Улааны хэлснээр 2007 онд 0-18 насны нийт хүүхдийн тоог 950 мянгаар тооцож мөнгө олгож байжээ. Гэтэл Засгийн Газар 2008, 2009 оны төсөвт уг тооноос нэг сая 40 гаруй мянгаар тооцон хүүхдийн мөнгийг төсвөөс авч байсан байдаг.

Үндэсний Статискийн газар, иргэний Бүртгэл Мэдээллийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгэний газруудаас авсан мэдээллээр хүүхдийн тоо тав, арван мянгаар зөрдөг хэдий ч арай ч төсөвт тоочсон шиг 90 гаруй мянгаар зөрөх учиргүй тухай тэр үеийн Аудитар Ч.Раднаа хэлсэн нь бий.

Ингэж хүүхдийн тоог хэт бага, 10 хувиар өсгөснөөс улсын төсөвт дор хаяж 12 тэрбум төгрөг илүү суулгаж байсан байдаг. Тэр 12 тэрбум бол хүүхдийн мөнгө авах шаардлагагүй хэсгийнхний аваагүй мөнгө гэдэг нь тодорхой байсан.

Тэгвэл АН-ын Н.Алтанхуягийг Засгийн эрх барьж байх үед 2014 онд 994159 хүүхэд 238,4 тэрбум төгрөгийг авчээ. Харин Ч.Сайханбилэг өрхүүдийн амьжиргааны түвшинг 20-д хувааж, дээд түвшний таван ангилалд багтах өрхөд хүүхдийн 20 мянгыг өгөхгүй байх санаачлагыг дэвшүүлсэн юм.

Сонгууль дөхсөн болохоор уг санаархлаа тогтвортой хэрэгжүүлж чадаагүй билээ. Тэгвэл 2016 онд МАН сонгуульд ялаад уг мөнгийг бүтнээр нь олгох эдийн засгийн боломжгүй тул Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүх хүүхдийн 60 хувьд олгож байснаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буцаан 100 хувь олгох шийдвэр гаргасан.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн 60 хувьд олгох болсон. Харин улс орны эдийн засаг сайжирч буй энэ үед 80 хувьд олгохоор шийдсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бүх хүүхдэд олгохоор болбол ОУВС болон бусад улс оронтой хийсэн гэрээ хэлэлцээр дуусгавар болно" гэсэн билээ.

Гэтэл үүн дээр Ерөнхийлөгч болон АН-ынхан, МАН-ын зарим УИХ-ын гишүүд улстөр хийж байгаа юм. Тэгвэл тэд энэ 20 мянга зүгээр л инээдэм санагдах гэр бүлүүд бий гэдгийг мэдэж л байгаа.

Гэвч ийнхүү эсэргүүцэж хүүхэддээ 100 хувь олгоё гэж байгаа нь 20 мянгыг улстөрийн оноо авах тоглолтдоо ашиглаж байгаа хэрэг юм. Тийм өрх айлууд яагаад хүүхдийн мөнгөнөөсөө татгалзаж болохгүй гэж. Ийнхүү 20 мянгын улстөржилт эхлээд байна.

И.Болд

Gereg.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...