English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хатан Туулынхаа амийг харсаар байгаад таслах уу

Улаанбаатарын тулгамдсан асуудал, утаа, хөрсний бохирдлоор хязгаарлагдах уу. Үгүй. Хаалга тогшиж, хатавчаар шагайж байгаа бас нэг асуудал нь ундны усны хомсдол. Би биш, мэргэжилтнүүд нь 2030 он гэхэд нийслэлд ундны усны бэрхшээл үүснэ гэдгийг хэлж байгаа. Гэтэл Монголын хүн амын тал шахам хувь нь Улаанбаатарт ажиллаж амьдарч байна. Энэ утгаараа  манай хүн амын 50 хувьд цэвэр усны гачаал нүүрлэнэ гэсэн үг.

Сал урсгаж байсан Туул гол саваа шидэхэд хайрагддаг болсон нь гашуун боловч бодит төрх. Зарим жилийн  хавар Туул маань тасардаг болсон.  Энэ чинь л түгшүүр. “Улаанбаатар ямар ч ирээдүйгүй хот, хэн энд хөрөнгө оруулах юм” гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэнтээ хэлсэн удаатай. Элбэгээ л хэлсэн болохоос үнэн үг ш дээ.

Туулын ус татархад нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Хамгийн түрүүнд дэлхийн дулаарал гэх байх. Гэхдээ энд хүний хүчин зүйлийн буруутай үйл ажиллагаа хамгийн их нөлөөлж байгаа. Туулын гол дагасан хайрга олборлолт хэрээс хэтэрсэн, олборлогч компаниудад дүрэм журам үйлчилдэггүй. Туул голыг сэлбэдэг Сэлбэ, Улиастай голын сав газар суурьшлын бүс болж, усыг тогтоон барьж нөөцөлж байдаг намаг, зүлгийг хүчээр хатаасан гэхчлэн.    

Туул голын сав газарт элс, хайрга олборлох тусгай зөвшөөрөл олгоход ААН-үүдэд онцгой бүс буюу голын эргээс 200 метр,  энгийн бүс буюу голын эргээс 500 метрт үйл ажиллагаа явуулах хязгаар тогтоосон байдаг. Гэвч өнөөдөр энэ хуулийн заалт хэрэгждэггүй.  Бүр даварсаар одоо бүр Туулын  бургасыг хядаж, тэнд цемент цутгаж барилга барьдаг болоод байна.  Ерөнхийдөө бол Хатан Туулаа харангадуулах ажилд ханцуй шамлан орсон гэсэн үг.

Жирийн иргэд зуны нартай өдөр Туулынхаа хөвөөнд очиж усанд умбаж шумбах гэвэл газар олдохоо больсон, голын эргийг хашаалж  бүгдэд нь эзэн суусан ийм л дүр төрхтэй байна.  Энэ талаар иргэдийн гомдол их гардаг. Түүнчлэн Туул голын эргэн тойронд 250 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо баримт бий.

Саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр зөвхөн Туул голтой холбоотойгоор 5648  өргөдөл ирсэн тухай тоо баримт дурдагдаж байсныг бодоход  иргэдийн дуу хоолой ямартай ч төрийн чихэнд хүрсэн бололтой.

Туул голоо хамгаалах талаар идэвхтэй ярьдаг хэлдэг, сануулдаг  М.Оюунчимэг, А.Сүхбат нарын хэдэн гишүүн бий. УИХ-аас Туул голыг  хамгаалах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч байсан нь нэг бус удаа. Харамсалтай нь ажил болж хэрэгждэггүй.

Нөгөө талаасаа Туул голыг бохирдуулагч гурван том хүчин зүйл бий. Тэдгээр нь төв цэвэрлэх байгууламж, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд, элс, хайрга олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд. Төв цэвэрлэх байгууламж нь 78 хувь цэвэрлэсэн саарал ус Туул голд нийлүүлдэг гэсэн хувь хэмжээ хэлдэг. Бурхан минь, үнэн л байгаасай.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Н.Алтанхуягийн Засгийн газар Дархан руу нүүлгэнэ  гэсэн бол МАН-ын Засгийн газар Эмээлтэд баригдах хөнгөн аж үйлдвэрийн цогцолборын нэг хэсэг байхаар төлөвлөсөн. Гэхдээ аль нь ч ажил болоогүй байна.  

Улаанбаатарчууд уудаг усандаа иймэрхүү хүйтэн сэтгэлээр л хандаж байна. Цэвэр усаа хамгаалж хайрлах нь үндэсний аюулгүй байдлын хэм хэмжээний асуудал. Хамгийн эхлээд хамгаалалтад авдаг. Дэлхий нийтэд бол ийм жишиг үйлчилдэг. Харин бидэнд энэ жишиг урвуу хамааралтай аж. Эдүгээ дэлхий зарим бшс нутагт экологийн буюу цэвэр усны хүрэлцээгүйгээс улбаатай цагаачлал улам бүр тэлж байна. Удахгүй  ус нефть хоёр ижил үнэтэй болох биз.

Усны ашиглалт энэ хэвээрээ явбал Улаанбаатар хот 2030 он гэхэд усны нөөцөө бүрэн шавхана гэсэн сануулгыг мэргэжлийнхэн өгч байна.  Харин үүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гарсан нэг санал бол Туул голоо тусгай хамгаалатад авах тухай байлаа. Ийм санал гарч байгаа нь анхны биш.

Энэ хуулийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

“Ундны усны нөөц багасч байгаа. Гэтэл усны төлбөрийг бууруулах төсөл оруулж ирж байгааг ойлгохгүй байна... Ундны усаа хамгаалах чиглэлд агентлаг, мэргэжилтэн бий болгох хэрэгтэй. Ундны усны төлбөрийг бууруулах биш Туул голоо тусгай хамгаалалтад авах хэрэгтэй” гэсэн  байр суурийг илэрхийлсэн бөгөөд энэ нь нийслэлчүүдийн ундны усны хомсдлыг хойшлуулж, Туул голоо харсаар байж харангадуулахаас хамгаалах хамгийн боломжит хувилбар ч байж мэдэх юм.

Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсан судалгааны дүнд Монгол Улсад тусгай хамгаалалтад авах шаардлагатай 200 гаруй газар байгааг тогтоосон гэж байгаа.  Тэдгээрийн нэг нь Туул байгол байж таарах байх. Ямартай ч Хатан Туулаа хамгаалахын тулд тусгай хуулиар зохицуулах нь зөв гэдгийг иргэд  дэмжинэ.

М.Нэргүй

Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...