English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Xүчит шонхор”-ыг хаахаасаа өмнө бохир бойг цэгцэлье

Хотын дарга малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай худалддаг худалдааны захуудыг цэгцлэх, тэр дундаа “Хүчит шонхор” худалдааны төвийг энэ ондоо багтаан хаах, цаашлаад 2020 оноос үйлдвэрийн аргаар боловсруулаагүй мах, махан бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн хоолны газарт нийлүүлэхийг хориглохоо хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.

Эндээс үзвэл, хотын дарга ариун цэврийн стандарт хангасан орчинд бэлтгэсэн бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах тэргүүн зорилт тавьжээ. Нөгөө талаасаа “Хүчит шонхор” худалдааны төвийг орчин үеийн стандартад нийцсэн байдлаар тохижуулснаар ард иргэд эрүүл чанартай хүнсээр хангагдаж, Дэнжийн 1000 орчмын автозамын түгжрэл саарах, орчны бохирдол буурна гээд олон сайн талтай. Гэвч хотын даргын дээрх шийдвэр тийм ч амархан шийдэгдэх хэрэг биш бололтой.

Учир нь, Улаанбаатар хотод мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг зах олон бий. Эдгээр захад нийлүүлдэг махыг Эмээлт болон Налайх дүүрэг дэх түүхий эдийн захын ойролцоох мал нядалгааны компаниудад бэлтгэн нийлүүлдэг гэдгийг андахгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл нийслэлчүүд бид ямар орчинд бэлтгэсэн мах хэрэглэж байна вэ. Яг энэ асуултад хариулт эрэхээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт орчим дахь мал нядалгааны компаниудын үйл ажиллагааг сурвалжилсан юм. 

Мал нядалгааны газрууд стандарт мөрддөггүй

Хэдхэн хоногийн өмнө “Баруун аймгаас бог, бод нийлсэн олон тооны мал Эмээлт рүү орлоо. Өнөө маргаашгүй бойнд орох байх” гэсэн мэдээлэл ирсний дагуу бид Эмээлтийг зорьсон нь энэ. Биднийг очих үед тэнгэр муухайрч, шороон шуурга болж байв. Зорьж очсон газрын маань эхний цэг нь Эмээлт захын чанх урдхан байрлах мал нядалгааны компаниуд. Тэнд ойролцоогоор 7-8 мал компани байх бөгөөд одоогоор хааяа нэг “нядалгааны” ажил хийхийг эс тооцвол одоогоор үйл ажиллагаа нь бараг зогсонги байдалтай байгаа аж. Компаниудын олонх нь сендвичин барилгатайгаас гадна үүдэнд харуул хамгаалалт байхын зэрэгцээ хяналтын камер суурилуулжээ. Эл байдлаас дүгнэвэл эрүүл ахуйн чанарын стандарт хангасан орчинтой болов уу гэж бодогдохоор. Гэвч тийм биш ажээ. Хэд хэдэн компанийн холдогдох хүнээс зөвшөөрөл авч дотогш ороод дотор муухайрав. Хашаагаар нь ороход л эхүүн үнэр хамар цоргихын дээр нядалгааны хэсгийн бохир завааныг хэлэх юм биш. Хашааны энд тэндгүй асгарсан цус хатаж хүрэнтсэн байхаас гадна эгнүүлэн тавьсан 200-гийн саванд сэвсээ хадгалсан нь эхүүн үнэрийг улам сэдрээж байв. Нядалгааны өрөөний цементэн шалан дээрх сэвс давхарлаж хатсаар бараг бууц гэхэд   хилсдэхгүй болсон байх агаад энд тэндгүй үсэрсэн цусны толбо хатаж амжаагүй гэлтэй. Түүнчлэн гулууз өлгөдөг дэгээ төмөрт тогтсон цус хөлдсөөр улаан хүрэн өнгөтэй болжээ. Байшингийн жижигхэн цонхнууд тоосонд дарагдаж, шил гэж хэлэхэд хэцүүхэн харагдана. Тэнд ажилладаг ажилтны хэлснээр “Бог малыг 3000, бодыг 18000, тэмээг 23000 төгрөгөөр төхөөрдөг. Ид ачааллын үедээ нэг нядалгааны газарт хамгийн багадаа 200 мал нядалдаг бөгөөд махыг тийм ч цэвэр орчинд хадгалдаггүй. Харин ч зэргэлдээх өрөөний шалан дээр гялгар уут дэлгэж хадгалдаг” гэв. 
Уг нь мал эмнэлэг гэсэн хаягтай жижигхэн байшин компани бүрийн хашаанд байрлах аж. Гэвч ажиллахаасаа илүү цоожтой байх нь олон гэсэн. Хэдхэн хоногийн өмнө баруун аймгаас ирсэн бог, бод нийлсэн 400 орчим малыг нядалсан компанийн нөхцөл байдал ч бусдаасаа дээрдэх юмгүй байв. Ажилчдаас нь цэвэрлэгээ тогтмол хийдэг эсэхийг тодруулахад нядалгаа хийсний дараа цэвэрлэгээ хийх нь хийдэг. Гэхдээ өтөг бууц зайлуулах, ус асгах зэрэгхэн арга хэмжээ авдаг гэж байв. Сурвалжлагын үеэр харсан бүхнээ фото зургаар баримтжуулахыг хүссэн боловч харамсалтай нь компанийн ажилчид эрс эсэргүүцсэн юм.
Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын цөөн хэдээр нь орж үзэхэд л нөхцөл байдал ийм байна. Одоогоор мал нядалгааны газруудын сизон эхлээгүй ч гэлээ ганцхан сарын дараа малын хөлд дарагдана. Тэр үед ачаалал нэмэгдэж, эрүүл ахуйн байдал одоогийнхоос улам дордох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, мал нядалгааны компаниудад эрүүл ахуйн стандарт огт мөрдөгдөггүйн дээр ийм үгийг мэдэх ажилтан ч цөөхөн бололтой юм. Эндээс үзвэл нийслэлчүүд бид эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан орчинд бэлтгэсэн, эрүүл малын мах хэрэглэж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуулт урган гарч ирж буй юм. Ийм бохир орчинд бэлтгэсэн махыг нийслэлд ил задгай худалдаалсан ч бараг ялгаагүй мэт. Тиймээс бэтгийг угнаас бүрэн сугалж байж эдгэдэг шиг юун түрүүнд мал нядалгааны газруудын үйл ажиллагааг эрүүл ахуйн стандартад нийцүүлж байж л хүн ардын эрүүл мэндийн асуудал яригдах нь зүйн хэрэг биз ээ.  

Өмхийрч, муудсан арьс, ширэндээ дарагдсан Эмээлт 

Хүнсний аюулгүй байдал олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт орчмын нөхцөл байдал өнөөдөр ямархуу дүр зурагтай байна вэ. Баруун аймгаас авчирч  буй малын түүхий эд, махыг татан төвлөрүүлэх зорилгоор эндэхийг байгуулснаас хойш хэдийн 10 жил өнгөрчээ. Үүнээс хойш суурьшлын бүс үүсч, дагаад аж ахуйн нэгжийн тоо олшрохын хэрээр малын сэвс, хаягдал арьс ширэнд дарагдсаар өнөөг хүрэв. Хэдийгээр ТҮК тогтмол хог тээвэрлэдэг ч түүхий эд худалдан авах компаниуд болон Эмээлт зах, мал нядалгааны газрын хаягдалыг дийлдэггүй гэх. Өөрөөр хэлбэл, урин цаг ирэхтэй зэрэгцэн Эмээлт орчимд Төв цэвэрлэх байгууламжаас ялгардаг бохирын үнэрээс ялгаагүй өмхий үнэр хамар цоргиж, хогондоо дарагддаг. Түүхий эд худалдан авдаг компаниудаас одоогоор 10 хүрэхгүй нь ажиллаж байна. Учир нь хятадууд татан авалтаа хийж дууссан учир эхнээсээ нутаг буцжээ. Энэ сургаар нь түүхий эдийн ханш огцом унаж үхрийн шир 11-12 мянга, ноолуур 90 мянган төгрөгийн ханштай байв. Хятадууд нутаг буцаж эхэлсэн учир их хэмжээгээр биш л бол үхрийн шир барагтай бол худалдаж авахгүй байгаа, харин нэхий “үнэгүй” болсон тул “худалдаж авах уу” гэж асуух ч хэрэггүй гэдгийг ченжүүд хэлсэн. Тэндэхийн хятадуудын тайлбарласнаар хятад дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй учир татан авалт буурснаас гадна урагш тээвэрлэж амжаагүй арьс шир нь эхнээсээ муудаж эхэлсэн тухайг дуулав. Хоёр ч компанийн хашаанд овоолсон ямааны тарз муудсан учир ноолуурыг нь салгаж байгаатай таарсан юм. “Муудахаас нь өмнө хятадуудад зарж амжаагүй юм уу” гэж ченж залуугаас асуухад “Тэд нутаг буцах гээд ханш унагасан. Алдагдал хүлээхгүйн тулд горьдлого тээж явсаар муутгачихлаа. Арга буюу ноолуурыг нь салгаж сууна” хэмээн учирлав. Дээр хэлсэнчлэн Эмээлт орчимд шороон шуурга шуурахтай зэрэгцэн хогоор “бороо” орж, дээр нь муудсан арьс ширний өмхий үнэр ханхийж байлаа. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр урин цаг наашилж буй энэ цагт  эндэхийн нөхцөл байдал цаашид улам дордоно уу гэхээс дээрдэхгүй нь лавтай. Тиймээс л үүнийг эртхэн цэгцэлж, ямар нэг арга хэмжээ авахгүй бол муудсан арьс, ширний өмхий агаараар утуулж, хур хог, сэвсээр хачирласан махаар нийслэлчүүд хооллосоор байх нь ээ.
Сурвалжлагынхаа эхэнд хэлсэнчлэн ил задгай мах худалдаалдаг захуудын үйл ажиллагааг цэгцэлж, “Хүчит шонхор” захыг хаах шийдвэр биелэлээ олбол Эмээлт болон Налайх дүүрэг дэх малын зах болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг захуудын ачаалал эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгвэл ийм ачааллыг Эмээлт зах даах хүчин чадалтай билүү. Энэ асуултад хариулт эрэхээр захаар орсон юм. Захын үүдэн хэсэгт байрлах төмөр хайсанд 40 орчим бог байх агаад худалдаачны хэлснээр баруун аймгаас авчирсан мал гэнэ. Жингээсээ хамаарч хонь 120-180 мянган төгрөгийн ханштай. Нэг хашааг өдрийн 10 мянган төгрөгөөр түрээсэлдэг, өдөрт 3-4 хонь худалддаг гэв. Эндээс цааш зуны улиралд уламжлалт аргаар мал төхөөрдөг сендвичин барилга руу очиход хаалттай байв. Харин барилгын хойд талд байрлах “Хүнсний дэлгүүр” гэсэн хаягтай нэг өрөөнд зургаан лангуу эгнүүлэн тавьж, хонь төхөөрч, гэдэс дотрыг нь цэвэрлэж өгөх үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Захын орчны байдлыг ажиглахад барилгын баруун талд өнгөрсөн намрын үлдэгдэл хур хог болох малын сэвс, сэг зэмний үлдэгдэл овоолгоостой чигээрээ хөлдсөн байхтай таарав. Хажууханд нь нэлээд том газрыг ухаж элдэв хог хийж банзаар таглажээ. Энэ талаар Эмээлт захын захирал г.Баттунгалагаас утсаар тодруулахад “Хот тохижилтынхон удахгүй хог ачна. Зургадугаар сарын 1-нээс нээлтээ хийх учир түүнээс өмнө тохилжилт хийнэ” гэв. Хэдийгээр Эмээлт захад уламжлалт аргаар мал төхөөрдөг хэсэг мал нядалгааны компанийн орчноос харьцангуй дээр боловч бас л эрүүл ахуйн чанарын шаардлага бүрэн хангадаггүйг мэргэжлийн хяналтынхан удаа дараа хэлж байсан. Гэсэн ч өнөөг хүртэл шаардлагыг бүрэн хүлээж авдаггүй гэх гомдол тасардаггүй юм билээ. Харин энэ жилээс тохижилтын ажил хийж, мал төхөөрөх хэсгийг эрүүл ахуйн стандартад нийцсэн байдлаар тохижуулна гэдгийг захын удирдлага энэ үеэр  дуулгасан юм. Хэрвээ энэ ажил хэрэг болж чадвал нийслэлийнхэний сэтгэл бага боловч онгойх бололтой. 
Эмээлт орчимд хийсэн сурвалжлага энэ хүрээд өндөрлөж байна. Юутай ч дахин давтаж хэлье. Нийслэлчүүд Эмээлтийн өмхийрсөн агаараар утуулж, хур хог, сэвс, бууцаар хачирласан махаар хэдий болтол хооллох вэ. Улаанбаатар хот дахь захуудын үйл ажиллагааг цэгцлэх нь зүйн хэрэг. Гэхдээ эхлээд мал нядалгааны компаниудад эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэхгүй бол эрүүл хүнс, эрүүл иргэн гэж цээжээ дэлдээд ч хэрэггүйг холбогдох албаныхан анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.  

Үндэсний шуудан сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...