English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Цагаан таягтан гэж гадуурхалгүй ажилтай, орлоготой болгож өгөөч…”
Монголын нийгмийн дунджаас доогуур орлоготой иргэд бол цагаан таягтнууд. Харж чадахгүй ч гэсэн тэдний хийж  чадах  ажил бий.  Даанч  тэдэнд итгэдэг газар алга.  Хөнгөн ажил зөндөө ч ажил хайгаад очсон тэднийг харааны бэрхшээлтэй, хөдөлмөр хийх бүү хэл биеэ авч явах чадваргүй хэмээн шалтаглаад авдаггүй. Харааны бэрхшээлтэй гээд  тэд өөр хүмүүс биш, бусдын  адил өдөр тутмын хэрэгцээнээс  өгсүүлээд өчнөөн зардал гарна. Үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах, хувцас, хичээлийн хэрэгсэл,  сургалтын төлбөр  гээд олон давхар ачаа үүрнэ. Гэтэл группт орох, сунгуулахаас эхлээд өмнө нь тулгардаг  бэрхшээл их. Хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд нь  халамжийн үйлчилгээний талаар тайлбарлаж  өгдөггүй, түүнээс үүдээд  тэтгэлэгт хамрагдаж чадалгүй хугацаа алдаж хохирсон иргэд ч тэдний дунд цөөнгүй байна. Гэвч Монголын төр тэднийг байтугай  жирийн иргэдээ  хүртэл хаячихсан бус уу. Гэсэн ч  төр нь хараг, өр зөөлөн бүхэнд хүрэг, ядаж хувийн хэвшлийнхэн энэрэнгүй сэтгэлээр хандаасай гэсэндээ  “Хөндөх сэдэв” буландаа  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хийсэн сурвалжлагаа толилуулж байна.
Монголын хараагүйчүүдийн үндэсний  холбоо 1978 онд анх  “Хараагүй, хэлгүй, дүлийчүүдийн нийгэмлэг” нэртэй үүсэн байгуулагдсан  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ууган байгууллага. Энэ жил тус  холбооны 40 жилийн ой тохиож буй. Монголын хараагүй иргэдийн холбоо ашгийн бус ТББ. 21 аймаг, алслагдсан гурван дүүрэгт салбартай, нийт  9000 гаруй гишүүнтэй. Холбооны байр,  МСҮТ, үйлдвэрлэл, сургалтын танхим, хэвлэх үйлдвэр, “Бэст массаж”, Бэст FM 98.5”, Бэст кофе шоп” гэхчлэн дотроо олон салбарласан   ганц цагаан байшин Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байдаг. Хажууханд нь хараагүй иргэдийн орон сууц, хүүхдийн цэцэрлэг бий. өөрийн харъяа эдгээр байгууллагадаа  нийт 80 гаруй ажиллагсадтай. Үүний 60 гаруй хувь нь харааны бэрхшээлтэй ажилтнууд ажээ. Байгаа  байршил нь машин замын хажууд, дээр нь  тохижилт  муутай  шороо бургисан газар байх юм. Зам,талбайг засахад мэдээж  хөрөнгө, мөнгө шаардлагатай байх. Харин дотроо бол эмх цэгцтэй, цэвэрч нямбай гэдэг нь үүднээсээ мэдрэгдэнэ.  Гишүүдийнхээ  нийгмийн бүхий л асуудалд оролцож, шийдэж  ирсэн цорын ганц байгууллага болох Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо  нь  боловсрол, нийгмийн асуудал,  хувь хүний   хөгжил гээд бүхий л чиглэлд  өөрсдийн нөөц боломжоо ашиглан ажилладаг юм байна. МСҮТ нь таван чиглэлд хоёр  жилийн хугацаатайгаар хараагүй иргэдэд сургалт явуулж,  компьютерын оператор, эсгий гар урлал, бэлэг дурсгал, алжаал тайлах массажист, эмчилгээний бариа засал, морин хуурч, хөөмийчөөр  мэргэжлийн чиг баримжаа олгодог юм байна.
Харааны бэрхшээлтэй иргэд  өдөр тутмын харилцаанд оролцоход дийлэнхдээ зам талбай муутай, дуут дохио байхгүй зэрэг бэрхшээл гардаг. Үүнээс үүдээд гарц, гэрлэн дохиогоор гарч чаддаггүй. Тэгвэл автобусны буудлыг гадна, дотор талд зарлуулдаг болох талаас  холбооноос нь 2016 оноос эхлэн  хөөцөлдсөнөөр   “Улаанбаатар Смарт карт”-ын хамт олон дотроо буудлыг зарладаг болгосон нь сайшаалтай ч гаднаа буудлын  байршлыг зарлагч байхгүйгээс харааны бэрхшээлтэй иргэд өөрсдийн зорчих маршрутын автобусанд  хүний тусламжтай  суудаг хэмээн  ярьж байна.  Гэхдээ хамгийн гол зовлон  нь харааны  бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд авах нь ховор хэмээн гомдоллох хүн тэдний дунд олон байв. Холбооны дэргэд гэрийн мод, цаасан уут зэрэг цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэртэй, сүүлийн үед 00-ын цаас хийхээр туршиж байгаа  ч захиалга орж ирдэггүй гэнэ. Орж ирлээ ч үнэлгээ бага байдаг юм байна.
Хууль, журамд 70 буюу түүнээс дээш хувийн  харааны бэрхшээлтэйг  бүрэн хараагүй гэж тооцно гэж бий. Ийм хүмүүс  жилдээ нэг удаа нүүрс, түлээний 140 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Сард 20 мянган төгрөг буюу холбоо, харилцааны зардал, гурван  жилд нэг удаа 1.2 сая хүртэлх төгрөгийн үнэтэй тусгай хэрэгсэл авах, асарч сувилуулах, автобус унаагаар зорчих хөнгөлөлт эдлэх заалттай. Гэтэл сүүлийн үед холбогдох байгууллагууд “Бүрэн хараагүй хүн гэдэг нь 100 хувь хараагүй хүн байх ёстой” гээд байр, түлээ, нүүрсний мөнгөнөөс нь хасдаг болсон гэнэ. Үүнээс болж холбоо, харилцааны зардлын 20 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрчээ. Мөн тусгай хэрэгслээ авах гэхээр нь  ахмад настай хүн юу ойлгодог юм бэ, CD  тоглуулагчаар юу хийх юм бэ гээд буцаасан хүний эрхийг зөрчигч халамжийн ажилтнууд ч байдаг. Мөн хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд ажилдаа  дөнгөж туршлагажиж байтал  нь сонгууль болж, халаа, сэлгээ явагддаг нь харааны бэрхшээлтэй иргэдэд ч дарамттай байгааг тэд ярьсан юм.
Хараагүй иргэд халамжийн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Халамжийн тэтгэвэр нь 140 мянга байгаад саяхан нэмэгдэж 155 мянга болсон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь  216 -230 гаруй мянган төгрөг болсон. Бүрэн тэтгэвэр нь 251 мянган төгрөг байдаг.  Үүн дээр бүрэн хараагүй бол утасны 20 мянга, улиралд нэг удаа 60 мянга, тухайн хүнийг асран хамгаалагч сард 64 мянга байснаа  саяхнаас нэмэгдээд  72 мянган төгрөг  авдаг болжээ. Ажил хийж буй хүмүүс  нь тодорхой хэмжээний орлоготой. Тэрийг тооцвол сардаа 450-500 мянган төгрөгийн орлого олдог ажээ. Гэвч энэ нь тэдний  амьдралд хүрэлцдэггүй гэцгээж байлаа.
Эцэст нь тэмдэглэхэд, цагаан таягтнууд төр, засгаас  “Иргэдээ ялгаварлалгүй ажлын байраар хангаж өгөөч, ийм  хууль зүйн орчныг бүрдүүлээч. Ийм нөхцөл  бүрдвэл  бидэнд  боломж бий”  хэмээн ярьсан юм. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг  хэлэхдээ “Биднийг харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг заалтаар л ялгаварлаад байгаа болохоос  хөнгөн хэлбэрийн, өөрийн онцлогт тохирсон ажлыг гүйцэтгэх бүрэн боломж бий. Тийм боломжийг төр, хувийн хэвшлийнхэн  олж харахгүй байна. Магадгүй бид  үүнийгээ  бусдад  ойлгуулж чадахгүй байж магад. Гэхдээ биднийг ойлгохыг хүсэхгүй хандлага давамгайлаад байна, нийгэмд. Хараагүй, хөгжлийн  бэрхшээлтэй хүнийг халамжийн хүн гэж ойлгохоос илүүтэй ямар чадвартай вэ гэдэг талаас ойлгож хүлээж авдаг болоосой. Томоохон компаниуд 25 хүн тутмын нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн хуулийн заалт бий. Тэд ийм хүн авсан байдаг. Гэхдээ тэр нь хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа. Компани хуулиа биелүүлсэн үү, биелүүлсэн. Дүрэм, журмаа баримталсан уу, баримталсан гээд хяналт, шалгалт ирэхэд амыг нь хаагаад  явуулчихдаг. Уг нь харааны бэрхшээлтэй хүний чадварыг үнэлээд компьютер дээр ажиллаж чадаж байна уу гэдгийг тогтоож, пиццаны захиалга, такси үйлчилгээний захиалга авах утсан дээр ажиллуулж болно шүү дээ. Харааны бэрхшээлтэй хүмүүс ой тогтоолт сайн учраас ярих чадвар сайтай. Харахгүй ч гэсэн хүмүүст тухайн байгууллагын маркетингийг сурталчлах  ажлыг хийж чадна” хэмээн гишүүдийнхээ байр суурийг тодотгосон юм. Төрийн хараа хүрэхгүй байгаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны иргэдийн дуу хоолойг  ядаж  ТББ, хувийн хэвшлийнхэн  сонсч, тэднийг ойлгож, дэмжээсэй билээ.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...