English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ТАТВАРЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАХИН “БООЦОО”-НД ТАВИЛАА

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн Баасан гарагт дахин УИХ-д өргөн мэдүүллээ. Дахин гэдэг нь уг явдлаас долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганаар татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Ингэхдээ Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль батлагдсан боловч ААНОАТ-ын хуулийг хууль санаачлагчид нь буцаасан юм.

УИХ-ын гишүүдийн хувьд “Татварын хөнгөлөлтөд гадаад, дотоодын бизнесүүдээ ялгаагүйгээс Оюутолгой хүртэл хөнгөлөлт эдлэхээр ойлгогдож байна” гэдэг үг хэлж байлаа. Нөгөө талаас УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод тэмцэл ажил урагшлуулахгүй байна гэж шүүмжлэх хүн ч гарсан юм. Тухайн үед УИХ-ын гишүүн Ч.Улаан “Татварын хууль бол бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ.

Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно. Гэтэл хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах гэдэг нь тодорхойгүй байна.

Орж ирсэн хуулийн агуулгаар үзвэл Оюутолгой компани татварын хөнгөлөлтөд хамрагдана. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байгаа. Үүнд багагүй хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр байгаа юм. Тодорхойгүй заалтууд ч байгаа. Тухайлбал, зардлаа нотлоогүй байсан ч татварт оногдуулах орлогоос хасаж тооцно гэсэн заалт байх жишээтэй.

Гэтэл бид Оюутолгой дээр санхүүгийн баримтыг үзэж, зардал гүйлгээг нь баталгаажуулсан. Эндээс илэрсэн зөрчлийг л одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй байгаа байгууллага. Гэтэл зардлаа баталгаажуулахгүйгээр хасалт хийгээд явахаар юу болох вэ. Энэ мэт алдаатай зүйлүүд байгаа учраас нэлээд ажиллах шаардлагатай хуулийн төсөл гэж үзсэн” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Харин ААНОАТ-ын хуулийг хууль санаачлагчид нь буцаасантай холбогдуулан МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргасан.

 

Тус мэдэгдэлд “ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг авсан юм” гэж байлаа.

Тэгвэл бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсгэж, УИХ-ын гишүүд болгоомжлон буцааж байсан хуулийн төслийг долоо хоногийн дараа дахин оруулж ирэхдээ ямар өөрчлөлт хийв. Хуулийн танилцуулгад “Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхэжсэн.

Иймд хурдацтай өөрчлөгдөн байгаа орчин нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа, үнэ шилжилтийн журам, эх үүсвэртэй тодорхойлолт татварын олон харилцааг орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна” гэжээ. Шинээр тусгасан зохицуулалт дунд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасагдуулж тооцох зэргийг дурдсан байна.

Татварын өөрчлөлтүүд бол ерөнхийдөө хэдэн жилийн өмнөөс үе шаттайгаар хийгдэж байгаа ажил юм. Анх Нэмэгдсэн өртгийн албан татварын системийн өөрчлөлт 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байлаа. НӨАТ-ын буцаан олголт, сугалаа ч хүмүүсийг сонирхлыг ихээр татсан. Албаны хүмүүсийн ярьж байгаагаар бол үр дүнд нь иргэдийн орлогын 70 гаруй хувийг бүртгэж чаддаг болчхоод байгаа гэх. Гэтэл өмнө нь 40 орчим хувийн татварыг авч чаддаггүй байсан гэдэг албан бус яриа ч явдаг.

Нэг жишээ авахад 2017 оны нэгдүгээр сард 1,700 кассын машин байсан бол өнөөдөр 88 мянга орчим кассын машин НӨАТ-ын талон хэвлэж байгаа. Одоо сайжирсан орлогын бүртгэл дээрээ үндэслэн татварын бусад өөрчлөлтүүдээ хийж буй нь, энэ. Эхлээд НӨАТ-ын хуулийг өөрчилсөн бол одоо Хувь хүний орлогын албан татвар, Татварын ерөнхий хуульдаа өөрчлөлт оруулчхаад байгаа.

Гэвч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг буцааснаар татварын шинэчлэлт түр хугацаанд гацаанд орж байна. Нэг өгүүлбэрээр орлогыг хянаж чаддаг болсон бүртгэл дээрээ суурилж татвараа цуглуулдаг болно гэдэг утгатай. Хууль санаачлагчдын зүгээс ч бүгд нийгмийн ачааллыг жигд үүрэх, татварын шударга орчин бий болгоно гээд байгаа.

Мөнхүү хувьдаа томоохон үйлдвэр, үйлчилгээний газруудтай УИХ-ын гишүүдийн хувьд ААНОАТ-ын хуулийг батлах сонирхолгүй байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ерөнхийдөө татварын орчны шинэчлэл МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суучихсан гол асуудлуудын нэг мөн. Тэгэхээр үүнийг хийж байж эргээд барих, ярих зүйлтэй болно.

Гэхдээ яаж, хэрхэн хийх дээрээ асуудал нь байгаа болов уу. Ямартаа ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл нь буцах үед хэлсэн үгэндээ эзэн болж ААНОАТ-ын хуулийг дахин УИХ-д оруулж ирлээ. Нэг үгээр Засгийн газар ажлаа дуусгахаар “бооцоо"-гоо тавилаа. Томоохон аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлтөд хамрагдах тухай шүүмжлэл, татварын системийн бүртгэл дээр суурилсан ололт гээд сайн, муутай сав дүүрч яваа уг хуулийг УИХ хэрхэн шийдэхийг харах үлдэж байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...