English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ШИНЭ ЦОЛТНУУД ХЭНИЙ ХЭН БАЙХ БОЛ...
Шинэ цолтнууд хэний хэн байх бол...

Наадам хаяанд ирчихлээ. Энэ үед бөхчүүд цол зүүдлэн, бөхийн хорхойтнууд хэн гэдэг бөхчүүд тавантаа, зургаантаа туг тойрохыг харах гэж сэтгэл юугаа сүлэн суугаа. Жил жилийн наадмаар олон бөх шинэ цолд хүрдэг. Энэ уламжлал Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадамд буухиалж л таарна. Энэ талаар бөхийн мэргэжилтнүүд, хорхойтнууд таамаг дэвшүүлж хэн хүнгүй л бодлоо уралдуулж байнам. Наадмын өмнөх сорилго барилдаануудад бэлтгэл чамбай нь харагдаж байгаа залуу бөх олон байгаа ч улсын баяр наадмын бөхийн цолны босго өндөр гэдэг болохоор зодоглосон бүхэн цолд хүрэх биш дээ.

Ингээд бөх сонирхогчдын ярианы дундаас заримыгньавч үзье. Улсын цолтны эгнээнд гуйж биш гуядаж орж ирэх аймгийн арслангуудын тоонд хүмүүс Баянхонгорын харьяат аймгийн хурц арслан Н.Золбоо, Булганы арслан Б.Ганбаатар, Завханы арслан Т.Бэгзсүрэн, Хөвсгөлийн Б.Даваа-Очир нарыг нэрлэжээ. Тэдэн дээр, Говьсүмбэрийн арслан Т.Пүрэвсүрэн, Төв аймгийн арслан Э.Ууганбаяр, Увсын арслан Ц.Мөнхбаяр нарыг нэмэхэд яагаад гэхээргүй юм. Бас аймгийн заанууд ч бий. Булган аймгийн заан Б.Түмэндэмбэрэл гэж байдал нь, бас барилдаан нь гарьд Д.Баярааг санагдуулсан залуу бий. Унаа холтой, уужуу сайхан барилддагаараа бол улсын цолд тун ойр байгаа. Өвөл, хаврын олон барилдаанд тэр тун сайхан барилдаж ирсэн.

Аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ гэж сүүлийн үед тун хөөрхөн барилдаантай залуу тодроод байгаа. Бусдын хийсэн мэхэнд үлдэж байгаа, хэнээс ч айхгүй зоримог шинж нь онцгой харагддаг. Тиймээс түүнийг тавантаа туг тойрчихлоо гэвэл гайхамгүй л. Бас өнгөрсөн жилийн наадмаар улсын арслан П.Бүрэнтөгсөд дөрвийн даваанд тахим өгсөн аймгийн арслан Ц.Мөнхбаяр, сүүлийн үеийн барилдаануудад бэлтгэл сайтайгаа харуулаад байгаа Говь-Алтайн харьяат, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, саяхан болсон аваргуудын нэрэмжит барилдаанд сийрэг сайхан барилдаантайгаа харуулаад буй аймгийн арслан Т.Сайханжаргал гээд л горьдлого тээсэн хүчитнүүд байна.

Олон жил сайхан барилдаж ард олноо цэнгүүлж яваа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ш.Мөнгөнбаатар, Увс аймгийн Малчин сумын харьяат О.Гантулга гэж аймгийн хурц арслангуудыг жагсаалтаас хасч боломгүй. Тэд хэзээ ч улсын цолтны байр сууринд тун дөтөлсөн бөхчүүд. Улсын цолны босго хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн гэсэн үг бий. Жаахан дэмжээд өгвөл гараад ирэх бөхчүүд лдээ. Тэр жил Дундговийн арслан А.Алтанхуягийг мань хүн ч нас нь ахилаа улсын цолд хүрэх бараг өнгөрлөө гэж байтал яалаа. Тавын даваанд аварга С.Мөнхбатад амлуулаад бүр аваргад барьц сонгуулсан хэрнээ гайхалтай сайхан давж улсын начин болсон. Тийн бодохуйд Ш.Мөнгөнбаатар, О.Гантулга нарт бяр тэнхээ, туршлага ч бий дээ. Бас дархан аварга Х.Баянмөнхийн “халаасанд” хэдэн сайхан залуу бий. Аварга өврөө нээж өгөөмөр зан гаргавал тэд гялалзаж мэднэ.

Бөх сонирхогчид цолоо ахиулах бөх хэн байх бол гээд л цэц булаалдаж байх юм. Хамгийн түрүүнд улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нарыг нэрлэж байна лээ. Зайлшгүй цол нэмэх бөхийг тэд гэж олон хүн хэлэв. Улсын харцага О.Хангай наадмын манлай бөх боллоо гэхэд хэн ч гайхахгүй байж мэднэ. Улсын арслан П.Бүрэнтөгсөд аварга цол тун ойрхон гэж байна лээ. Бас Ч.Санжаадамба аваргыг хянамгай сайн барилдвал гуншин нэмэх боломж бүрэн бий гэх. Тэгвэл тун басч болохгүй нэг бөх бол улсын харцага Т.Баасанхүү. Түүнийг их шөвөгт үлдчихсэн байхад гайхах хүн гарахгүй байлгүй. Харцага хэнийг ч хаяна гэсэн сэтгэхүйтэй барилддагаараа онцгой бөх.

Харин шинэ цол авах, ахиулах боломжтой тэр бөхчүүдэд бөхийн холбоо тойрсон хэрүүл бүү гай болоосой доо.

Зууны мэдээ
Д.Надмид

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...