English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монголд 400-500 ААН хуурамч шатахуун худалддаг гэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 400-500 ААН хуурамч шатахуун борлуулж байна тэр дундаа Магнай трейд, М-Ойл компаниуд хуурамч шатахуун худалддаг хэмээн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо (МШХХ)-ноос өнөөдөр мэдээлэв.
Тус холбооноос хуурамч шатахуун борлуулж буй асуудлыг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн компанийн оруулж ирж буй шатахууныг ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон “Амбер” компанийн лабораторит шинжилгээ хийлгэсэн аж. Шинжилгээгээр шатахуунд агуулагдаж буй октан 87, марганцын агууламж 22 хувьтай гарсан хэмээн МШХХ-ны тэргүүн О.Бямбадэлгэр хэллээ. Тэрбээр, “Шатахуунд марганц огт агуулагдах ёсгүй. Мөн октаны тоо 92 байх ёстой. НМХГ-аас А80 бензинд октан нэмж, АИ92 болгон борлуулдаг гэсэн тайлбар өгч байгаа. Гэхдээ Монгол Улсын стандартаар шатахуунд нэмэлт, чанар сайжруулагч хийхийг хориглодог” гэлээ.
Тус холбооноос ААН-үүд Монгол Улсын хилээр 2017 онд 55 мянган тонн, энэ жил 59 мянган тонн шатахууны нэмэлт бүтээгдэхүүн татваргүй оруулж ирсэн гэсэн судалгааг танилцууллаа. Мөн шатахууны нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авах замаар хуурамч шатахуун үйлдвэрлэхтэй тэмцэх саналыг Сангийн яам болон холбогдох газруудад хүргүүлсэн ч хүлээж авахгүй байна гэлээ.
Мөн МШХХ-ноос 80470303 дугаарын утсанд хуурамч шатахуун хэрэглэснээс үүдэн автомашинд нь гэмтэл гарсан тухай мэдээллийг хүлээн авч байна. Энэ нь иргэдэд учирч буй хохирлын хэмжээг тогтоох, хуурамч шатахуун импортолж буй компаниудын жагсаалтыг гаргах, улмаар хохирлыг төлүүлэхээр шүүхэд хандах зорилготой юм.
Хуурамч шатахууныг ихэвчлэн Багахангай дүүрэг, Мааньт орчмоор борлуулж байгаа аж. Иргэд хуурамч шатахуун хэрэглэснээр автомашины хөдөлгүүр доголдох, бензин насос эвдрэх зэргээр эд хөрөнгөөрөө хохироч байна хэмээн жолооч С.Цогтгэрэл хэллээ.
 
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...