English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлнө

Хэн хэнийгээ тарифаар торгох АНУ, Хятадын худалдааны дайн эхлээд хагас сарыг үдлээ. Цэнхэр гарагийг хэрж буй худалдааны чөлөөт урсгалыг хумих энэ зөрчил илааршиж буй дэлхийн эдийн засгийг сэдрээнэ гэж олон улсын элит шинжээчид анхааруулж байна. Тэгвэл дэлхийд халтай гэх энэ дайн манайд хэрхэн нөлөөлөх бол. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, чөлөөт эдийн засгийн шилдэг сурагчдын нэг монгол улсыг энэ өөрчлөлт тойролгүй дайрах нь тодорхой. Харин сайн, саарын алийг нь илүү дагуулах бол.

ХАРИУ МЭХ

Юун түрүүнд, өнгөрсөн хугацаанд хоёр улс ямар хариу мэх хийцгээснийг цухас сөхье. Энэ сарын 6-наас Хятадын 818, АНУ-ын 545 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын шинэ тариф үйлчилж эхэлсэн. Эдгээр бараа бүтээгдэхүүний нийт дүн нь 70 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй юм. Гэхдээ торгууль ингээд дуусахгүй бөгөөд АНУ-ын 114, урд хөршийн 200 гаруй бүтээгдэхүүний тарифыг чангална гэдгээ хоёр тал мэдэгдсэн. Одоогоор Хятадын ган, хөнгөн цагаан, нэхмэл сүлжмэл эдлэл тэргүүтэй бараа бүтээгдэхүүн АНУ-ын тарифын өндөр босготой нүүр тулсан. Харин АНУ-ын хөдөө аж ахуйн мах, шош, буудай, далайн бүтээгдэхүүн, автомашин тэргүүтэн багтчихаад байгаа юм. Монгол улс экспортын орлогынхоо 90 орчим хувийг Хятадаас олдог. Харин урд хөрш экспортынхоо хамгийн их буюу 20 орчим хувийг АНУ-тай хийсэн худалдаанаас олдог байна. Манай улсын хэтэвч нь Хятад гэж үзвэл өмнөд хөршийн худалдааны түрийвч нь АНУ. Монгол, Хятад, Америк нь худалдааны ийм гинжин хэлхээтэй. Тэгвэл худалдааны маргаанаас үүдэн Хятадын хэтэвчийн хэмжээ багасах нь. Энэ хэрээр өмнөд хөршийн эрэлт буурч, үүнийг дагаад манай нийлүүлэлт хумигдах эрсдэл бий. Гэхдээ энэ сүүдрийг эс тооцвол хоёр хүчний тэмцэл бидний зах зээлийг тэлж, өрсөлдөх чадварыг өсгөхөөр байна. 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Буурцаг, шош, маалинга, мах зэрэг АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортын өндөр тарифтай Хятад улсад нийлүүлж буйд Америк фермерүүд ууртай байгаа бол Бразилынх баяртай байгаа аж. АНУ тарифын өндөр босготой нүүр тулсныг ашиглан Бразил улс Хятадтай хөдөө аж ахуйн салбарын түншлэлээ илүү бэхжүүлэхээр яарч эхэлжээ. Хятадтай хэдэн далайгаар алслагдсан Бразил улс ийнхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ахиу борлуулахаар яарч байхад хаяанд нь байдаг Монголд бүр ч илүү боломж нээгдэнэ. Ялангуяа, сүүлийн жилүүдэд урд хөршийн иргэдийн амьжиргаа дээшилж, үхрийн махны эрэлт мэдэгдэхүйц өсчээ. БНХАУ жилд АНУ, Шинэ Зеланд зэрэг үхрийн махны экспортлогчдоос 10 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн авдаг байна. Тэгвэл эдгээрийн нэг тоглогч нь тарифын саадтай нүүр тулсан тул үхрийн сайн чанарын махны экспорт хийх орон зай бидэнд үүсчихээд байгаа аж. 

ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ

Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Хятад гол худалдан авагч болох АНУ-тай дэгдээсэн тарифын маргаанд оёмол сүлжмэл эдлэл багтаж байгаа. Энэ хэрээр Америкийг зорих Хятадын оёмол бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч, зах зээлийн бусад тоглогчдод таатай нөхцөл бүрдсэн. Тэгвэл энэ боломжийг илүү тодотгохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хүсэлтийг АНУ-ын Конгресс болон Ерөнхийлөгч Дональд Трампт хүргүүлсэн. Мөн энэ чиглэлээр Конгресст том лобби бүлэг үүсээд буй. Хэрэв АНУ нааштай хариу илэрхийлбэл 325 сая хүн амтай зах зээлд бид экспортын хөнгөлөлт эдлэх юм. Түүнчлэн өндөр тарифтай нүүр тулсан БНХАУ ноолуурын салбараа дэмжихийн тулд хамтрах санал манай улсад тавиад байгаа. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг хангадаг Монгол, БНХАУ хүч хавсарбал дийлдэшгүй баг болно. Ингэснээр дэлхийд үнэлэгдэхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад гаргах боломжтой аж. Мөн ноолуураас гадна урд хөршийн арьсан гар цүнх, товч зэрэг бүтээгдэхүүн АНУ-ын жагсаалтад багтсан. Тиймээс манай арьс ширний салбарынханд ч боломж нээлттэй байгаа аж. АНУ, Хятадын худалдааны дайн манай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих таатай таамаг байна. Хэрэв бид дэлхийн худалдааны чиг хандлагыг ухаалгаар ашиглаж чадвал хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг тэтгэх аж. Үйлдвэрлэл нь өнөөг хүртэл хөлд ороогүй монгол улсад уул уурхайн бус эскпортыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих таатай боломж олгож байна. 

ТҮҮХИЙ ЭД

Хэдийгээр худалдааны дайн түүхий эдийн зах зээлд ойрын үед огцом уналт дагуулж байгаа ч алсдаа өсөлтийн суурь болно гэж шинжээчид үзэж буй. Гэхдээ энэ тэмцлээс Хятадын эдийн засаг алдагдал хүлээж эхэлбэл энэ нь харин таваарын зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Citigroup-ийн тооцоогоор богино хугацаанд таваарын ханшид халтай ч алсдаа ханшийг дэмжихээр байна. Гэхдээ алт, газрын тосны ханшид дарамт болох хэдий ч хэтдээ үйлдвэрлэлийн металлын үнэ өсөх суурь болно гэж шинжээчид үзэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, экспортыг хийсэн энэ бодлого нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад харилцан адилгүй нөлөөлөхөөр байна. Ялангуяа, нийт 1.7 тэрбум хэрэглэгчтэй хоёр том зах зээл харилцан худалдааны урсгалаа хааснаар шинэ тоглогчдод сул орон зай аль аль талд нь үүснэ. Ялангуяа, үйлдвэрлэл сул хөгжсөн, хөгжиж буй орнууд эдгээр аварга зах зээлд нэвтрэхэд илүү дөхөм болно хэмээн Кембрижийн их сургуулийн судлаачид үзэж байна. Олон улсын эрсдэлийн үнэлгээний S&P агентлаг “Америк, Хятадын маргаан олон улсын геополитикийн эрсдэлийг өдөөх хэдий ч азийн зарим зах зээлд харьцангуй сул сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Ийм зах зээлээр АНУ, Хятадын аль алинынх нь ойрын түнш Тайвань, БНСУ-ыг нэрлэжээ. Ялангуяа, хөгжиж буй орнууд нь АНУ, Хятадтай улс төр, эдийн засаг, газарзүйн байршлын хувьд ойр дотно бол өрсөлдөх чадварыг нь илүү дэмжинэ гэж үзжээ. Ингэснээр улс орнуудын хооронд үүссэн худалдаа, үйлдвэрлэлийн тэгш бус байдлыг тэгшитгэх талтай байна. 

БИЗНЕС ЭРХЛЭЛТ 

“Говь” борлуулалтаа 64 хувиар өсгөв

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын эхний хагас жилийн онцлох үзүүлэлтийг хүргэж байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын “Говь” компани өнгөрсөн хагас жилд борлуулалтын орлогоо 64 хувиар өсгөжээ. Өнгөрсөн оны эхний хагаст 33.95 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн тус компани энэ оны эхний хагаст 55.65 тэрбум төгрөг олсон байна. Ингэснээр ашиг нь 883.5 сая төгрөг буюу 26 хувиар өссөн. Компанийн цэвэр ашгийн хэмжээ 4.29 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг нь 566.26 төгрөгт хүрсэн байна.

“Монгол шуудан” ашгаа 50 хувиар нэмэгдүүлжээ

“Монгол шуудан” компани энэ оны эхний хагас жилд 7.79 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 906.68 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 9.1 төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.89 тэрбум төгрөг буюу 32.1 хувиар өссөн бол ашиг нь 303.1 сая төгрөг буюу 50 хувиар өсчээ. “Монгол шуудан” компани бүтээгдэхүүний өртгийн хэмжээг өмнөх оны мөн үеэс хоёр орчим хувиар бууруулсан бол түрээсийн үйл ажиллагаанаас 50.9 сая төгрөг, хүүнээс 402.3 сая төгрөгийн орлого олжээ.

“Монгол базальт” 190.6 сая төгрөгийн алдагдал хүлээв

Дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргаад удаагүй “монгол базальт” компани 2018 оны эхний хагас жилд 639.3 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон ч 190.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тус компани нэгж хувьцаанд 3.38 төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тус компани өнгөрсөн тавдугаар сард дотоодоос 6.43 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан бөгөөд хагас жилийн тайлангаар мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 4.95 тэрбум төгрөгт хүрчээ. “Монгол базальт” ирэх таван жилийн санхүүгийн төсөөлөлдөө 2018 онд 2.4 тэрбум төгрөгийн борлуулалт орлого олж, 37.4 сая төгрөгийн ашигтай ажиллахаар тусгасан юм.

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...