English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Засуулын тухай задгайхан яриа
Эрийн гурван наадмын үеэр элдвийн юм гардаг боловч сүүлийн үед засуулын талаар задгай яриа их болов. Уг нь засуул уламжлал болон үүргээрээ бол бөхдөө зааж тусалдаг хүн юм. Мэддэгээрээ жишээ авахад өнгөрсөн зууны жараад оны наадмын засуул Гончиг, Лүгдэв, Мягмар зэрэг хүмүүсийг шударга сайн засуул байсан гэж бөхчүүл болоод ардууд эдүгээ ч дурсаж байдаг. Тэгтэл одоогийн засуулуудад олны ам тааруу болчихжээ. Тэдний дунд нэртэй сайн бөх ч байдаг болохоор арай үгүй байлгүй, хүмүүс дэгсдүүлж байна гэж бодогдовч сүүлийн хэдэн их наадмыг харж байхад засуул заадаг хүн биш, замд нь саад хийдэг хүнийг хэлдэг юм байна гэхээр болжээ. Тэд дэмжье гэснээ дээш татаж, дэмжихгүй гэснээ дэвсэх ч санаатай бололтой. Энэ жил эвэр угалзтай хантааз өмсөж гадаад байдлаа зассан боловч дотор нь ихэмсэг зантай манж түшмэл оршиж байгаа юм шиг ярвалзан, хөдөлж дөхөж байснаа, хоёр бөх барилдах болоогүй бие халаах төдий байтал гэнэт яарч албадаж эхэлнэ. Засуулын нэг гол юм нь барьц сонгуулах арга юм. Энэ нь тийм олигтой юм бишээ. Үүнийг ихэд алдартай нэг уяа бөх санаачилж бөхийн дүрмэнд оруулсан гэцгээдэг. Түүнийг сонссон хүн, даваа горьдсон хүний ядсан арга гэхийг сонссон билээ. Тэр, учраа бөхийнхөө нэг мөрнөөс хоёр гараараа зуурч дэрлээд зогсчихоор цаадах нь мэдээ алдан цөхрөнгөө барахаар суугаад өгдөгийг цөм мэднэ. Тийм хүн цааш ахихгүйгээ мэдээд арга ядахдаа ийм арга олсон байх гэцгээнэ. Гэхдээ л тэр санааг нь хэрэгжүүлэх гэж засуул их хичээнэ. Хоёр бөх, өрөлгүй удаахан биеэ харж зогсвол барилцуулах гээд яарна. Бас нэг нь шоо бариад дөхөж харагдана. Энэ ялдамд хэлэхэд бөх өрж, шавахаа болиод, юм гуйж байгаа юм шиг алгаа тосоод очдог болсон нь ч засуултай холбоотой байх. Уг нь энэ барьц сонгох цаг ашиглаж хурдан барилдуулахтай холбоотой боловч угтаа бол бөхөө дорд үзэж хавчсан, бүр нарийвчилбал тэдний дархан эрхэнд халдсан явдал гэж хүмүүс таагүй байдаг юм билээ.
 
Хүмүүс уяа бөхөд дургүй боловч засуул, хөлийн цэцийн зүгээс тэдэнд халддаггүй байжээ. Энэ тухай алдарт партизан Дооровын Дашзэгвэ гуайн ярьсныг сонордуулъя.
-1939 оны наадмын орой хоёр бөх барилдаад салахгүй байлаа. Маршал цагаа хараад, одоо наадам завсарланаа. Энэ хоёр бөхийг тавьж хоно. Ингээд барилдаад байх юм уу, маргааш ирээд барилдах юм уу асуу гэж билээ. Уг нь тэр хоёрыг хас гэж зандарч чадах ширүүн хүн. Гэтэл бөхөө хүндлээд тэгсэнгүй. Маргааш нь нөгөө хоёрыг даваа эхлэхийн өмнө барилдууллаа. Маршал тэднийг хараад "Энэ хоёр бүдүүн сайхан амраа биз. Хурдан ноцолдох байхаа" гээд инээж байж билээ. Бас дөчин нэгэн оны наадмаар тавын даваанд Дорнодын Сандаг билүү нэг лужир залуу, Өвөрхангайн Цоодол гэж нэг чөрийсөн юмтай барилдлаа. Өнөө хоёр чинь даваа дуустал барилдлаа. Зургаагийн даваа эхлэх гээд тэднийг хүлээж байгаа. Бөхийн комиссын дарга ухаантай юм болохоор би маршалаас айж байгаа гэж жигтэйхэн. Загнахаас нь урьтаад, тэднийг зааж, энэ хоёр золиг гээд юм хэлэх гэтэл маршал, -Юу вэ чи бөхөө харааж байгаа юм уу гээд, -Яадаг юм, энэ хоёр барилдаж л байг. Цол авах гэж хичээж байгаа биз. Зүгээр зууралдаад байгаа биш барилдаад л байна шүүдээ. Барилдаг, барилдаг. Дараагийн даваа дуусахад нэг нь давна биз гээд хэнэг ч гүй байж билээ. Уг нь бол дэлхийн их дайн хойно эхэлчихсэн, энд яаруу бачуу байсан түгшүүртэй цаг л даа. Чойбалсан тэгэхэд үндэсний наадам, бөхөө хүндлээд л ингэж хэлж байсан байх гэж билээ.
Энэ зуур миний санаанд манай монголын хаад ноёд, засаг төрийн удирдагчид бөхөө төрийн сүлд лүгээ адил хүндэтгэн дээдэлдэг байсныг түүх сударт олонтаа тэмдэглэсэн бий. Түүнийг засуулд хэлээд ч яах юм билээ. Тэд үүргээ ухамсарлан биелүүлж л байвал барав гэж бодтол хажуугийн хүмүүс хилэгнэн "Энэ засуулууд чинь, жилээс жилд дордож байгаа, хүний үг авдаггүй биеэ тоосон их зантай луйварчингууд" гэж зэмлэж байх юм. Үүгээр бодвол засуул, хөлийн цэцийн нэр хүнд унажээ. Учрыг лавлавал өнгөрсөн жилийн наадмаар нэг том бөхийн давааг луйвардан нутгийн танилдаа өгөөд начин болгосон юм байж. Тэр нь энэ жил сураггүй болохоор муу нэр нь засуул, хөлийн цэцийнхэнд үлджээ гэж хүмүүс ярьж байлаа. Бас байхнээ засуулууд бөхийг тухтай барилдуулахгүй болсон байна. Даваа ахиж бөх цөөрөх тусам үзэгчид суудалдаа, төрийн ерөнхийлөгч асартаа тайван сууж байхад засуулууд юундаа яардаг байнаа. Энэ агшин бол улс даяар амгалан, амьсгаа даран чагнаж байдаг үе юм. Тэр жил Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ хоёрыг дөрвөн цаг илүү барилдахад үзэгчид тэсээд л сууцгааж байж билээ. Сүүлийн хоёр бөх хамгийн удсан нь энэ байж магадгүй. Ер нь бол их шөвгийн дөрвөн бөх уддаггүй чухам нэг гялсгээд өнгөрдгийг бүгд мэднэ. Сүүлийн хоёр бөх барилдахад хамаг засуул, хөлийн цэцийнхэн бүчиж салхийг нь хаагаад өнөөх барьц сонгуулахдаа л яараад байх шиг харагдаж байна хэмээн хүмүүс ярилцах. Тэр байтугай аварга гарч ирчихээд байхад арслан удаан барилдсандаа ялархаж, дээл нөмөрчихөөд нутгийнхаа бөхчүүлтэй ярьж суусаар байхад хүмүүс дуртай биш л байлаа. Энэ бол наадамчид харих гэж яарсандаа биш, дээд бөхийг хүндлэхгүй байгаа байдал харууллаа гэж эмзэглэсэн болов уу. Зарим хүний уур нь хүрээд "Үзүүр түрүүний хоёр бөхөд ийм новшийн засуулын хэрэг байхгүй" гэхэд хажуугийн нэгэн нь "Тэгж ярьвал шөвгийн дөрөв засуулаар яах юм бэ" гэв. Тэгтэл бас нэгэн "Байх ёстой юм чинь, тэгэж яаж болох вэ" гэтэл нэг омогтой эр гарч ирэв. Тэрбээр "Чи нэртэйгээс сүүлийн дөрвөн бөхийн оронд засуулуудыг барилдуулах санал гаргаач" гэсэнд цаад хүн "Энэ ч хэтэрнээ. Түүний оронд санаачилсан хүнийг энэ барьц сонгохоо дүрмээс ав. Бас монгол бөхөөс допингийн шинжилгээ авдгаа боль гэж хэл. Манай наадам, олон улсын тэмцээн биш гэж бас хэл, чи тийм сүрхий юм бол" гэж эсэргүүцэв. Тэгтэл арслан дотуур хутгаад аваргыг хэвтүүлчихэв. Маргалдагчид "Түрүүнээс хойш тэгэх гээд байсан юм" гэж дуу алдацгаав.
 
Зохиолч Х.Зандраабайдий 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...