English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Үндсэрхэг үзлийг үнэ цэнэтэй байлгахын учир...
Монголын нэгдсэн улсыг байгуулж, төрийг засахдаа монголчууд дан ганц цэргийн сүр хүчийг гол болгоогүй гэдэг. Төрийг хүчтэй байлгахын тулд ёс суртахуун, үзэл санааны хүчин зүйлд онцгой анхаарал хандуулдаг байсныг эрдэмтэн мэргэд одоо ч нотолдог. Чингис хаан "Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх аваас олныг ялъюу" гэж сургаад овог овгийн хүмуүс чухам юу бодож, сэтгэж байдгийг олж мэдэх, эзэлсэн аймаг, харь улсуудын аж байдлын эх сурвалжийг хөндөлгүй хадгалах, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх нь чухал гэж үзсэн байна. Ер нь "Хүнийг дагуулна гэдэг сэтгэлийг дагуулахын нэр, сэтгэлийг алдваас бүгдийг алдана" гэж Чингис хаан үзэж байжээ. Энэ бүхэн нь төрийн хууль цаазын зэрэгцээ сэтгэл оюуны хүчээр хамтатган барьж төвшитгөх гэсэн улс төрийн бодлого юм. Чингисийн "Их засаг" хууль, "Билиг" сургаал зэрэг нь хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байжээ. Эв нэгдлийн үзэл санааны дор Чингис хаан хоорондоо дайсагналцаж байсан олон овог, аймгийг нэгтгэж, нэг захиргаанд оруулж чадсан нь Чингис хааны үйл ажиллагааны гол агуулга, дэвшилтэт санаа байсан гэдгийг судлаачид онцолдог.
Гэтэл өнөөдрийн нийгэмд Чингис хааны их үйл хэргийн үргэлжлэл, үзэл санаа бүдгэрч байгаа төдийгүй хэт үндсэрхэг үзэлтнүүд төрийн гадаад бодлогын хэм хэмжээг зөрчиж, шашин хоорондын ялгааг илт гаргах, ялгаварлан гадуурхалт ихсэх хандлагатай байна. Үүх түүхтэй, байгалийн онгон дагшин байдлаараа дэлхийд гайхагддаг манай орныг гадаадын жуулчид ихээхэн сонирхдог боловч гагцхүү хэт ундсэрхэг үзэлтнүүдээс үүдэж тэд Монгол Улсыг зорихоосоо айдаг гэнэ. Тодруулбал, Дэлхийн аялал жуулчлал өрсөлдөх чадварын байгууллагаас гаргасан судалгаагаар "Монгол зочломтгой бус орон" гэсэн дүгнэлтийг гаргажээ. Судалгаанд оролцсон жуулчдын олонх нь Монголд үндсэрхэг үзэлтнүүд их байдаг учраас гадаадын иргэн халдлагад өртөх аюултайг анхааруулсан байна. Ийм тохиолдолд хэн ч танд туслахгүй гэдгийг ч анхааруулжээ. Тэдний бас нэг онцолсон зүйл гэвэл, сүүлийн үед Монголд хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэг олноор гарч монгол цэвэр цус, Чингисийн цус гэж ярьж эрлийз хүмүүс болон казах, хятад, вьетнам иргэдийг хоморголон гадуурхаж дарамтлах нь ихэссэн. Тэд гадаад нүүр царайтай иргэдийг зориуд зогсоож бичиг баримтыг хууль бусаар шалгах, бүлэглэн дээрэм хийх, айлган сүрдүүлэх, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн бэлгийн дарамт учруулж бие болон сэтгэл санааны хохирол амсуулах нь элбэг болсон. Ийм байдлаар "Босоо Монгол", "Хас Монгол", "Даяар Монгол" зэрэг бүлэглэлийн залуус эрүүгийн хэрэгт холбогдсон баримт ч байна. Тухайлбал, 2016 онд Монголын казах залууг хэт үндсэрхэг залуучууд бүлэглэн зодсоны улмаас амь насаа алдсан тохиолдол гарчээ. Мөн нацист бүлэглэл гэх "Хөх Монгол" бүлэглэлийнхэн 2015 оны дөрөвдүгээр сард Хятад улсаас ирсэн жуулчныг Хэнтий аймгийн Бурхан халдун ууланд гарах үед барьж авч жуулчныг өвдөг сөхрүүлэн, дарамталсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулан гутаан доромжилсон билээ. Энэ бүхний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд мэдээлэл хийхдээ "Хэт үндсэрхэг үзэл ямар хортой гэдгийг харуулсан хэрэг боллоо. Монгол Улс бол олон улсад нээлттэй, найрсаг улс билээ" гэж мэдэгдсэн удаатай. Энэхүү бүдүүлэг асуудлын улмаас Улаанбаатарт суугаа Хятадын элчин сайдын яамнаас мэдээлэл хийсэн бөгөөд "Монголын хэт даврагчдын үйлдэл нэг улсын нэр хүндэд ноцтой халдсан хэрэг боллоо" гэж Синьхуа агентлаг онцолж байв. 2018 оны долоодугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий хотын ихэнх хэсэг үерт автаж, олон айл өрх орох оронгүй болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстсөн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 530 гаруй өрхийн 2500 орчим казах иргэн ихээхэн хэмжээний хохирол амссан. Гэтэл энэ байдлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Баян-Өлгий аймгийнхан тэр чигтээ усанд урсчих нь яасан юм. Тэд хүнийрхүү сэтгэлтэй хүйтэн хүмүүс, Монголоос зайлах хэрэгтэй" гэх мэтчилэн ард иргэдийн санал бодлыг зориуд хагалган бутаргаж байсан нь төрийн бодлого бус, зөвхөн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хорон үйл ажиллагааны нэг хэсэг юм. Хэт үндсэрхэг үзэл бол хэт туйлшралын цэг байдаг ажээ. Тиймээс ийм үзлийг дэвэргэн хөөргөх нь тухайн улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Өнөөдрийн даяаршлын нийгэмд улс эх орон, нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар ялгаж, иргэдийг хар, шар, бор өнгөөр гадуурхах, шашин шүтлэгээр ялгаварлах, бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд зориуд хохирол амсуулах нь ардчилсан Монгол Улсын хувьд байж болшгүй зүйлийн нэг. Цаашдаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад хэт үндсэрхэг үзэлтнүүдийн баримтлах хэм хэмжээ, хязгаар байх ёстой гэдгийг анхааруулмаар санагдлаа.
 
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...