English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Суурин соёл руу нэгэнт орсноо бүү мартахтун

Асуудал 1 

Улаанбаатар хот өвөлдөө утаандаа, зундаа үмхийдээ дарагдаад удаж байгаа билээ. Статистик судалгаанаас харахад нийслэлийн гэр хорооллын 180 мянга гаруй айл өрхийн 97 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ил жорлон ашигладаг байна. Найдваргүй усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдал нь хүүхдийн хоол тэжээлийн дутагдалд хүргэхээс гадна , элдэв халдварт өвчнөөр өвчлөхөд хүргээд зогсохгүй нас баралтад хүргэдэг суулгалтын гол шалтгаан болдог аж. Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалгын дундаж хэмжээ 49.92мг.кг буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ 2.4 дахин, цайрын дундаж агууламж 145.9мг.кг буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1.2 дахин их гарсан гэх 2013 оны судалгаанаас хойш нийслэлийн хөрсний бохирдлыг арилгах талаар дорвитой ажил хийгдээгүй өнөөдрийг хүрснийг , ил жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол нь амь насанд заналхийлж байгааг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа хэрнээ чимээгүй л яваад байх уу.

Ил задгай жорлонгоос нь гадна нийслэлд ганцхан байдаг цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахгүй, Улаанбаатар өнөөдөр дэлхийн хамгийн том “жорлон” болчихоод буй нь ч бас л чухал биш асуудал юм уу?

Асуудал 2

ЕБС, цэцэрлэгүүдийн бие засах, гар угаах ариун цэврийн байгууламж Монголын хувьд тулгамдсан асуудлуудынх нь нэг болсон. Улаанбаатар хотын цэцэрлэг, сургуулиудын хувьд төвлөрсөн шугамд холбогдсон ч, нэг хүүхдэд ногдох суултуур, шээлтүүр, угаалтуурын хүрэлцээ хангамж стандартын шаардлагыг хангахгүй байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн хэлж байна. Олон улсын стандартад нэг угаалтуураар 40, нэг сууртууртаар 30 хүүхэд “ үйлчлүүлэх” ёстойг заасан байдаг бол Улаанбаатарын зарим сургуульд энэ стандарт нь нормоосоо хэд дахин давсан байдаг гэнэ. Хөдөө орон нутаг, аймгийн төв, сумын сургуулиудын ихэнх нь ил жорлонтой, хүн бие засах стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл таатай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлж байгааг ч уг судалгаанд дурджээ. Чухам иймээс л өвлийн цагт бохир дээрээ халтирч унамаар, зуны цагт хамар сэтлэмээр үнэртэй модон жорлонг “Монголын амьдрал” гэж эвлэрмээргүй, үүнд дасан зохицмооргүй байна. Ялангуяа ил жорлонгоос болж хөдөө орон нутагт эмэгтэй хүүхдүүд хүчирхийлэлд өртөж болзошгүй байгааг ч энд сануулахад буруудахгүй биз. Сургуулиудын бие засах газрыг сайжруулах шаардлага, хэрэгцээ маш их байдаг боловч сургуулийн зүгээс төсөв санхүү байхгүйн том зовлон байдаг. Хөдөөгийн болон нийслэлийн захын хорооллуудад тулгарсан энэ бэрхшээлийг арилгахад орон нутгийн идэвх, төр засгийн багагүй дэмжлэг хэрэгтэй байгааг энд дурдахад илүүц биз.

Гарцыг хаанаас хайх вэ

Үмхий үнэртэй модон жорлонгоос яаж салах вэ. Эрүүл мэндэд заналхийлсэн, эрсдэл бүхий ил жорлонгоос “хагацах” боломж бий юу? Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагална гэж үг бий. Монголын томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал асуудлыг шийдэх арга зам бийг “Мобиком”-ын эхлүүлсэн нэгэн төслөөс харж болно. Дэлхий дахинаа компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх нэр томъёог хэрэглээд 30 гаруй жил болсон ч энэ ойлголт манайд ердөө эхлэл төдий гэхэд болно. Сүүлийн жилүүдэд Монголын компаниудын зүгээс энэ асуудалд анхаарах болсон хэдий ч гурил, будаа тарааж, хөгшид болон хүүхдийн асрамжийн газарт ганц нэг удаа тусламж үзүүлснээ өөрсдийгөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах нь элбэг. Хүүхдийн баяр, шинэ жилээр энэ “гажиг” илүү тод анзаарагддаг. Ялангуяа Улаанбаатарт аюулын харанга дэлдээд буй хөрсний бохирдлыг бууруулахад мөнгө зарцуулахад буруудах юун. Энэ төслийг хэн эхлүүлсэн нь чухал биш, хэчнээн хүнд үр дүнгээ өгч байгаа нь чухал. Иймээс төр засгаас энэхүү төслийг дэмжин нэгдэж, модон жорлонг халах аянг үргэжлүүлээснй билээ. Модон жорлон өнөөдөр Монголын харанга болчихоод байгаад төр засаг анхаарлаа хандуулна гэж найдъя.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...