English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монголын мэдлэгийн салбар уналтад орж, мухаг сүсгийн боол болжээ
Мухар сүсэг ба Диалектик Соёл (Мэтгэлзэх соёл)
 
Хүн төрөлхтөний хөгжлөөс хоцорч үлдсэн зарим алслагдсан арлын омгийнхон техник технологийн дэвшил өндөр соёл иргэншилтэй анх учирсаны дараагаар газар авсан нэгэн мухар сүсгийн хэлбэрийг шинжлэх ухаанд “Cargo Cult”буюу “Карго мухар сүсэг” гэж нэрлэдэг.
Дэлхийн 2-р дайны үеэр Холбоотны арми Номхон далайн Милэнэшиан арлуудыг түшиц газраа болгон, цэрэг дайны хангамжаа тээвэрлэдэг байж. Ингэх явцад тухайн бүс нутгийн орчин үеийн соёл иргэншлээс хоцрогдсн омгийхон анх удаа радио, зурагт, онгоц зэрэг хүн төрөлхтөний дэвшилтэт техник технологитой нүүр тулгарчээ. Омгийнхон тэдгээр техник хэрэгслүүдийг бидэнтэй адил хүн бүтээсэн гэх цэргүүдийн тайлбарт огтхон ч итгээгүй аж. Омгийн гишүүдийн ихэнх нь ийм дэвшилтэт технологийг эдгээр харийн хүмүүс бүтээсэн байх учиргүй, харин омгийн өвөг дээдэс, тэдний бурхад, шүтээнүүдийн л бүтээсэн бүтээл байж таарна, түүнийг нь харийн хүмүүс заль мэх хэрэглэн биднээс бүлаасан байна гэж бат итгэсэн гэдэг. Тиймээс омгийхон эдгээр харийнхны хийж байгаа бүх зүйлийг дуурайгаад байвал бурхад, өвөг дээдэс маань бидэндээ, жинхэнэ эздэд нь өндөр техник технологио хүртээх юм байна гэж дүгнэн, янзан бүрийн тахил, өргөл барьц зан үйлүүдийг хийж бүх л арга чаргаа хэрэглэсэн аж. Танна гэх алслагдсан арлын омгийнхон бүр онгоцны буудлыг бүх диталтай нь, хяналтын цамхагтай нь хүртэл, дуурайлган барьж, бүр онгоцыг хүртэл модоор урлан хийж, өөрсдөө цэргүүдийн хувцсыг өмсөж, онгоц буух хөөрөх процессыг нэг ч үйлдэл алдалгүй дуурайсан нь Карго мухар сүсгийн оргил болсон байдаг. Бүр цэргүүдийн бууг хүртэл модоор урлаж тухайн зан үйлийг хийж буй хүндээ бариулсан гэдэг. 
Нисэх онгоцыг аюулгүй хөөргөж газардуулахад нислэгийн зурвас, хяналтын цамхаг, чиглүүлэгч зэрэг онцгой чухал үүрэгтэй, зайлшгүй факторууд. Харин энэ бүх байгууламжийг яг дуурайлган бариснаар бурхад, өвөг дээдсээс омгийнхонд заяасан барууны дэвшилтэт техник төхөөрөмжийг тээвэрлэн яваа онгоцыг дуураймал онгоцны буудалдаа буулгана гэвэл тун хангалтгүй. 
Тйимээс, аливаа зүйлийн цаадах зорилго, утга учир, функц , ажиллах нөхцөлийг ухаж ойлголгүйгээр өнгөн төрхийг өнгөц дуурайж, хар мухараар хийдэг хүмүүсийг тодорхойлох үүднээс Карго мухар сүсэг (Cargo Cult) гэх хэллэг англи хэлэнд бий болж бусад олон хэлэнд нэвтэрсэн байдаг аж. 
АНУ-гийн физикч Ричард Фэйнман “Surely You are Joking, Mr.Feynman” номондоо бүхэл бүтэн нэг бүлгийг “Карго Мухар Сүсгийн Шинжлэх Ухаан”-д зориулж жинхэнэ шинжлэх ухааны цаадах учирыг ойлголгүйгээр шинжлэх ухааны дүр исгэж, мухар сүсэгтэж байгаа үзэгдэлийг шүүмжилсэн байдаг. Жишээ нь, лабораторийн туршилтын хархнууд төөрдөг ханануудыг шалнаас гарах чимээгээр төөрдөг хана доторх байршлаа цээжилж байсан нь тогтоогдож, үүнээс өмнөх туршилтуудын дүнг хүчингүй болгож, харин цаашид ижил туршилт хийх боломжгүй болгосон байдаг. Харин, төөрөх хананы шалыг элсээр солисон үед чимээ гарахгүй тул хархнууд байршлаа цээжлэх боломжгүй болсноор цаашдыны төөрдөг хана доторх хархны туршилт илүү баталгаатай, үр дүнтэй болсоныг тэрээр тэмдэглэжээ.
Гэтэл, зарим “шинжлэх ухаанчид” (cargo scientist =мухар сүсгийн шинжлэх ухаанчид) дээр дурдсан жишээгээр зүйрлэбэл, төөрдөг хананы шалыг элсээр солилгүй туршилтаа хийсээр, үр дүнгээ нийтэд нийтэлсээр, шинжлэх ухааны дүр исгэж оромдож байгааг шүүмжилсэнээр Карго шинжлэх ухаан буюу шинжлэх ухаан, мэдлэг нэрээр мухар сүсэгтэх гэх ойлголт бий болсон байдаг.
Мухар сүсгийг бороо шороо оруулах ид шидтэй, тэнгэрээс татсан антенаараа тэнд байгаа хэн нэгэнтэй утасгүй холбогддог өндөр технологитой, ирээдүйг бас өнгөрсөнийг харах тусгай линзтэй нөхдүүдээр хязгаарлаж болохгүй болох нь. Шинжлэх ухаан хүртэл асуулт тавьж, мэтгэлзэж үнэний төлөө гэсэн гол зорилгоо алдахад мухар сүсэгтэж болдгийг “карго шинжлэх ухаан” гэх ойлголтоор жинхэнэ шинжлэх ухаанчид (scientist) шүүмжилдэг. Чингэлгээр гахай зөөгөөд авчирдагтай адил бусдын бүтээсэн мэдлэгийг ойлголгүй өнгөц хэсгий нь хуулаад аваад ирэхийг шүүмжилсэн хэрэг.
Мухар сүсэг яагаад нийгмийн бүх нүх сүв рүү нэвчин ордог вэ гэвэл ердөө л жинхэнэ сэхээтэн давхарга байхгүй, сэхээтэн давхарга үндэсээрээ устан алга болж, мухар сүсгийн боол, бууны нохой болсоны л шинж. Нэгэнт устан байхгүй болсон зүйлийг сэрээч, ухаараач хэмээн мянга, сая удаа сэнхэрүүлэх гэж оролдоод ямар ч нэмэр үгүй. 
Монголд яагаад мэдлэгийн бүх салбар мухар сүсэгийн өмнө сөгдөн унаж, уваагүйгээр ялагдаа вэ? 
Өнөөдөр Монголын мэдлэгийн салбар уналтад орж, мухаг сүсгийн боол болсон нэг гол шалтгаан бол мэргэжлийн, мэдлэгийн төвшний “Диалектик болон диалогийн соёл” (Dialectic culture) огтхон ч алга. 
Диалектик болон диалогийн соёл (Dialectic and dialogue culture) гэдэг нь энгийнээр тайлбарлахад гагцхүү үнэнд хүрэхийн төлөө өөр өөр үзэл бодолтой (өөр өөр онолтой) хүмүүс харилцан асуулт тавьж, хариулж, мэтгэлзээн явуулж, нэг ойлголтод хүрэхэд юуг зөрүүтэй бодож байсан, ямар нийтлэг ойлголтуудтай байсан, яг нэг сэдвийн талаар ярьж байгаа эсэхээ ярьсаар ярьсаар бүх зөрүүнүүдээ арилгаж, эцэст нь үнэнд хүрч, нэг л үнэн ойлголттой болохыг хэлдэг. Мэтгэлзээний талуудын гол зорилго бол мэдэхийн л төлөө, үнэнийг олж мэдэхийн л төлөө байх учир энд нас хүйс огт хамаагүй, бүгд тэгш эрхтэй оролцож, нэг нэгнийхээ аргументийг хүндэтгэлтэйгээр, тэвчээртэйгээр дуустал нь сонсож, хариу асуулт тавих эсвэл өөрийн аргументыг хэлнэ. Хамгийн чухал нь мэтгэлзээний үр дүн нь нэгдмэл, нийтлэг, нэг л ойлголттой болох. Түүнээс хойш энэ гэсэн ойлголтыг бүх нийтээрээ мөрдөөд явах учиртай. 
Хүн мэдлэгт суралцаж, үнэнийг олж авахад нас хүйс огт хамааралгүй байх ёстой. Мэдлэг бол бүгдэд нээлтэй, бүгд мэдлэгийг тэнцүү эрхтэйгээр олж авах процессоос хүртэх ёстой. Чи залуу хүүхэд байж том хүний ярианд оролцлоо, бяруу болоогүй байж бухын баасаар баалаа гэх бол диалектик соёл мэдлэгийн салбарт нэвтэрч, төлөвшихөд хамгийн том саад. 
Хэрэв мэдлэгийн мэтгэлзээн явуулаад нэг тал нь хариулах дургүй байна гэвэл нэг бол үнэхээр мэдэхгүй байна, жинхэнэ мэдлэг олж аваагүй байна, нөгөөтэйгөөр хариулахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Мэдлэг бусадтай хуваалцаж л байж жинхэнэ мэдлэг болдог, бас нэмэгддэг. Хамтдаа суралцаж, хөгжих хүсэлгүй бол мэдлэгийн дүр исгэж л суугаа хэрэг бус уу?
Харин мухар сүсэгт асуулт хариулт, мэтгэлзээн гэж огт байхгүй, боломж ч үгүй. Яагаад гэвэл мухар сүсэг өөрөө худал хуурмагийн уурхай. Ид шидийн, хаанаас ч бүү мэд ургаад гараад ирсэн, хүн хэзээ ч ойлгох боломжгүй, тайлбарлах боломжгүй эсвэл сансараас ямар нэг антеннаар зөвхөн нэг л онцгой нөхөр сигнал хүлээгээд авсан учир яаж мэтгэлзэж үнэнд хүрэх вэ? Яаж тухайн мэдлэгт хүрсэнээ тайлбарлаж чадахгүй байвал тэр хүчинтэй, баталгаатай мэдлэг мөн үү? Чи нэг бол итгэ, үгүй бол чи үнэхээр тэнэг, гуравдагч нүд, гуравдах чих шивагийн арван гар алга л гэнэ. 
Хэрвээ Монголд сэхээтэн байна, мэдлэг байна гэвэл “Диалектик болон диалогийн соёл” (Dialectic and dialogue culture) бас байх  ёстой. 
Диалектик болон диалогийн соёл гэдэг нь мэргэжлийн, мэдлэгийн төвшний мэтгэлзээнийг хэлж буй болохоос бусдыг доромжлох, гүтгэх, бусдаас сонссон баталгаагүй, ул үндэслэлгүй хов живээ амны зоргоор чалчихыг хэлээгүй болохыг анхаарах хэрэгтэй. 
Монголд “Диалектик соёл”(Dialectic culture) байна уу? Монголд “Диалогийн соёл” (Dialogue culture) байна уу? Байгаа бол яагаад буруу зөвийг, үнэн худлыг мэтгэлзэн хэлэлцэхгүй байна вэ?
Мэргэжлийн хүмүүс яагаад дуугарахгүй байна вэ? 
Монгол хүний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрэх юу ч хийгээд нэмэргүй юу?
Жинхэнэ сэхээтэн бол өөрөө сайн, сайханаа бүтээдэг, тодорхойлдог, бусдыг дагуулдаг болохоос намайг сонссонгүй, намайг шүтсэнгүй, надад боломж олгосонгүй та нар өөдгүй жаалууд гэж гонгинодоггүй моралтай, эрдэмтэй байх ёстой. 
Морал, эрдэм, диалектик чадвар бол жинхэнэ сэхээтэний хүчирхэг зэвсэг байдаг.
 
 
“Моралтай Монгол” Сан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...