English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
МАН-ыг эцсийн замд нь үдэж өгье

Хэдий хатуу сонсогдож болох ч ийн өгүүлэх шалтгаан маш олон бий. Монголчуудын хувьд улстөрийн аль ч нам тарж бутарсан хамаагүй байж болно. Гэвч ардчилсан сонгуулиар засаг, төрийн эрхийг олонх болсон намд даатгадаг Монгол Улсад улстөрийн томоохон намуудын тогтвортой байдал шиг хэрэгтэй зүйл үгүй билээ. Учир нь эрх мэдлийн хэт их хийрхэл, намуудын дотоод зөрчилдөөн, тэмцлээс болж нэг Засгийн газрын эхлүүлсэн ажлыг нөгөөх нь гарч ирэнгүүтээ цуцалж, бужигнуулдаг гажиг тогтолцоо бий болоод удаж байна. Хамгийн ойрын гашуун жишээг татахад л, 2012-2016 онд элгээрээ хэвтсэн Монгол Улсыг Мэргэжлийн Засгийн газар арайхийж сэхээн амьдруулсан.

Гэтэл бүрэн тэнхрээгүй улс орон төд удалгүй шинэ засагтай болж, үүнийг нь МАН-ын Зүүний хүчний холбооны тэргүүн У.Хүрэлсүх удирдсан. Яг өнөөгийн байдлаар энэ засгийн ажлыг өнгөцхөн дүгнэвэл сайн ч юм шиг. Гэвч энэ хагас жилд Монгол Улсыг тун ч хатуухан даваа хүлээж байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл энэ бэрх давааг туулах төлөвлөгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт байгаа болов уу. Нөгөөтэйгүүр төлөвлөгөө байгаад, түүнийгээ хэрэгжүүллээ гэхэд 2020 онд МАН дахин олонх болж, сайн төслүүдийг үргэлжлүүлэх боломж үлдэв үү хэмээх асуулт гарч ирэв.

Юу гэвэл, өнөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн байр байдлаас дүгнэхэд МАН-д 2020 оныг итгэл дүүрэн угтах нь битгий хэл ирэх хоёр жилд тарж бутрахгүй гэж хэлэх батлагаа үгүй болсон. Учир нь одоо МАН-д лидер хэмээх ойлголт үлдээгүй. У.Хүрэлсүхээр удирдуулсан хийрхүү залуус энэ намыг өнөө хүртэл авч явж, эцэст нь Монголын парламентийн түүхэнд байгаагүй том ялалт байгуулж чадсан ахмад түшээд, лидерүүдэд санаан зоргоороо хэрэг тохож, намаас хөөх төлөвлөгөө боловсруулж, үүндээ өөр бусад улстөрийн бүлэглэлийн дэмжлэгийг илэрхий татах болов. Тэдний хувьд маш сайн ажиллагаатай Мэргэжлийн Засгийн газрыг унагаж, тогтворгүй байдал авчирсан нь багадсан бололтой.

Одоо бүр УИХ-ын даргыг унагана хэмээн давшилж байгаа. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх болон түүний багийнханд Монгол Улсын нийтлэг эрх ашгаас илүүтэйгээр МАН хэмээх улстөрийн том бүлгийн толгойд бат суух хүсэл нь чухал ажээ. Ерөөс У.Хүрэлсүх эхнээсээ сүүл хавчин зугаах тактикаар олонд танигдсан. Тэрбээр улстөрийн замналдаа МАН-ыг хүнд хэцүү байдалд орох бүрт орхин зугтааж байсан 2-3 түүхийг бүтээсэн нэгэн. Хамгийн сүүлд л гэхэд, 2012 онд МАН ялагдахад АНУ-руу зугтаасан. Харин 2016 онд гэнэт гараад ирсэн. Гол нь удаа дараа ийм хулчгар зан гаргахдаа МАН-ын дотоодод хагарал, талцал үүсгэдэг байсан нь яван явсаар өнөөгийн байдалд хүргэсэн юм. Эцэст нь хэлэхэд, У.Хүрэлсүхэд МАН чухал биш. Тэрбээр хэзээ ч таван алхмын цаадхыг харалгүй өнөөгийн идэх хоолондоо л анхаарлаа хандуулдаг нэгэн гэдгээ батлан харуулж байна. Тиймээс нэгэнт лидергүй болж, дотоодын хэрүүлдээ идэгдэж дуусч байгаа МАН-ыг 2020 онд сойж, сонгогчдын итгэлээр наадаж байхаар нэг мөр эцсийн замд нь үдэж, хойтхыг нь унших цаг болжээ.

Erennews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...